Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Төрийн тэргүүний үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх мэдэгдэл хийсэн нь улс төрийн хүрээнд томоохон дуулиан тариад буй.
Тэрбээр Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын дэлгэсэн “Бодь Интернэшнл” групп болон төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой авлигын хэрэгт нэр нь дурдагдсан учраас иргэний хувиар хуулийн байгууллагад шалгуулж, нэр төрөө сэргээлгэхээр ийм шийдвэр гаргаснаа тайлбарласан.
Энэхүү хүсэлтийг нь арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, 77.8 хувийн саналаар дэмжсэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг ч 100 хувь дэмжих байр сууринд нэгдэв.
Бүлгийн хурал ба “Намын дарга” болох дохио
Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа татгалзах өргөдлөө өгсөн даруйдаа буюу арваннэгдүгээр сарын 17-ны 14:00 цагт У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нарын хамт УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд оролцсон.
Хэдийгээр хуулийн дагуу Ерөнхийлөгч намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн байх учиртай ч албан тушаалаа өгөх шийдвэр гаргасан халуун цэг дээрээ тэрбээр ийнхүү намынхаа бүлэгтэй уулзсан нь анхаарал татав.
Уулзалтын үеэр тэрбээр намын эв нэгдэл, эвтэй найрамдалтай байх тухай сургаал айлдсан ч улс төрийн хүрээнийхэн үүнийг “Би намын даргын суудлаа эргүүлэн авна” гэсэн шууд дохио хэмээн тайлбарлаж байна.
Түүнчлэн зарим хэвлэлүүд түүнийг намын удирдлагад эргэн ирэх, эсвэл гүйцэтгэх засаглалд дахин оролцох магадлалтай талаар онцолж эхэлсэн. Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ирээдүйд парламентаас Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох хувилбар ч яригдаж буй аж.
Нам доторх хоёр хуваагдсан уур амьсгал
У.Хүрэлсүхийн энэхүү алхам нь МАН дотор эрс тэс хоёр өөр уур амьсгал бий болгожээ:
- Анхан шатны гишүүд ба дэмжигчдийн хүлээлт: Намын жирийн гишүүд болон орон нутгийн төлөөллүүдийн дунд “Онц их хурлаа яаралтай зарлаж, У.Хүрэлсүх намын даргаа авснаар орон нутгаар уулзалтуудаа хийж, энэ төдийгүй ирэх сонгуульд ч ялалт байгуулна” гэх хүлээлт өндөр байна. Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа орон нутгийн төрийн албан хаагчид болон иргэдийн дийлэнхтэй уулзаж, сууриа бэлтгэчихсэн тул эргэн ирэхэд бэлэн болсон гэж үзэх хэсэг ч цөөнгүй буй аж.
- Залуу гишүүдийн шүүмжлэл ба бухимдал: Нөгөө талд УИХ дахь МАН-ын бүлгийн залуу гишүүд түүний үгийг сонссоны дараа ихээхэн бухимдалтай байгаа сурагтай. Тэд 38-40 хувийн өндөр рейтингтэй байсан намыг дотоод зөрчил, хагаралд хөтөлж, нэр хүндийг нь 19 хувь хүртэл унагачихаад одоо эргээд намын дарга болно хэмээн ярьж буйг эрс эсэргүүцэж, хоорондоо ширүүхэн шүүмжлэл өрнүүлсээр байгаа аж.
Төрийн тэргүүний суудлаас бууж буй У.Хүрэлсүхийн дараагийн нүүдэл нь ийн МАН-ын дотоод эв нэгдэл, намын даргын суудлын төлөөх өрсөлдөөн болон ирэх сонгуулиудын өнгийг тодорхойлох гол үйл явдал болж хувирлаа.
С.МАНДАХ