Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо Хууль зүйн байнгын хороотой хамтран хуралдаж, Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж 100 сая төгрөгөөс дээш бол бүх насаар нь хорих тухай асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдлийг хэлэлцэв. Энэ үеэр хуралдаанд оролцсон гишүүд байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэж байна..

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -100 мянга гаруй иргэн дэмжсэн өргөдөл нь авлигын хэрэгт оногдуулж буй ял шийтгэл хангалтгүй, хууль бус хөрөнгө хураах тогтолцоо иргэдийн итгэлийг төрүүлэхгүй байгааг илтгэж байна. Мөн хөрөнгө хураах болон бүх насаар хорих ял нь гэмт хэрэг, үйлдлийн шинж, учруулсан хохиролтойгоо тохирсон байх зарчимд нийцэж байгаа эсэхийг тодруулсан байна.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: -Авлигатай тэмцэх, авлигачтай тэмцэхийг ялгаж ойлгох шаардлагатай. Авлигын эсрэг системийн тэмцэл, авлига үйлдсэн этгээдэд хариуцлага тооцох асуудал хоорондоо ялгаатай. Иймээс зөвхөн уриа, хатуу шаардлагаар хязгаарлах бус, авлигатай тэмцэх эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг шуурхайлах нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: -Иргэдийн өргөдөл шударга ёсны талаарх нийгмийн шаардлага. Хууль зүйн байнгын хорооны дарга авлигын эсрэг тэмцлийг улам чангатгах шаардлагатай. УИХ авлигын хэрэгт торгох ял ногдуулах зохицуулалтыг халж, хорих ялын хугацааг 12-20 жил болгон нэмэгдүүлэх чиглэлээр ялын бодлогыг чангаруулсан. Гэвч ял шийтгэлийг нэмэгдүүлсэн нь дангаараа хангалтгүй бөгөөд хууль бусаар олсон хөрөнгийг хураах эрх зүйн орчин, түүний хэрэгжилт сул хэвээр байгаа талаарх иргэдийн шүүмжлэлтэй санал нэг байна.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: -Авлигын эсрэг бодлого, хариуцлагын тогтолцоог бүхэлд нь эргэн харах цаг болсон. 100, 200 иргэн өргөдлийг дэмжсэнээс гадна ижил агуулгатай 13 өргөдөл дахин ирсэн. Энэ нь иргэдийн шударга ёсны шаардлага, төрд итгэх итгэлтэй холбоотой асуудалд парламент анхааралтай хандах ёстойг харуулж байна. Мөн Монгол Улс 2025 оны авлигын индексээр 180 орноос 124 дүгээрт эрэмбэлэгдэж, өмнөх оноос хоёр оноогоор буурсан. Хууль дээдлэх ёс, хариуцлагын тогтолцоо, иргэний нийгмийн оролцооны талаар олон улсын байгууллагуудаас шүүмжилж анхааруулж байна.
Хуулийн төсөлд ямар зохицуулалт тусгахаар ажиллаж байна вэ?

Хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн хууль боловсруулахдаа шударга ёсны зарчмыг алдагдуулахгүй байх, хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх нөхцөлийг хангах нь чухал болохыг онцлов.
Тус яамны Хууль зүйн бодлогын газрын Нийтийн эрх зүйн хэлтсийн ахлах шинжээч Ж.Амгалангийн мэдээлснээр, одоо боловсруулж буй хуулийн өөрчлөлтөд дараах зохицуулалтыг тусгахаар ажиллаж байгаа аж.
- Албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ялыг учруулсан хохирлын хэмжээнээс хамаарч ялгамжтай тогтоох;
- Хахуулийн хэмжээ болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөнгөн дүнг ял шийтгэл оногдуулахад харгалзах;
- Хорих ялын дээд хугацааг 20 жил хүртэл нэмэгдүүлэх.
Өөрөөр хэлбэл, иргэдийн өргөдөлд дурдсан 100 сая төгрөгөөс дээш хууль бус хөрөнгөтэй этгээдэд бүх насаар нь хорих ял оноох санал болон Засгийн газрын боловсруулж буй 20 жил хүртэл хорих ялтай холбоотой зохицуулалт нь одоогоор ижил зүйл биш юм.
Авлигын хэргүүдийн статистик юу өгүүлж байна вэ?
Ж.Амгалангийн танилцуулсан мэдээллээр, 2017-2024 онд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой нийт 8,860 хэрэг шалгагджээ. Үүнээс:
- 2,988 хэргийг мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгосон;
- 1,578 хэргийг прокурорт шилжүүлсэн;
- Прокурорт шилжүүлсэн хэргээс 1,005-д яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хүргүүлсэн;
- Шүүхээс 739 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Эдгээр тоо нь авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд зөвхөн ял шийтгэлийг чангатгахаас гадна мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн шийдвэрлэлт, хууль бус хөрөнгийг илрүүлж хураах тогтолцоог бүхэлд нь сайжруулах шаардлагатайг харуулж буй.
Засгийн газар хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг дахин боловсруулж байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатарын мэдээлснээр, Засгийн газраас өмнө нь өргөн мэдүүлсэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөл-ийг Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцтой нийцүүлэх шаардлагын улмаас татан авч, дахин боловсруулж байгаа аж.
Тэрбээр уг төслийг ойрын хугацаанд дахин өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг танилцуулжээ. Ингэснээр иргэн Б.Болдбаатарын гаргасан, 100, 200 иргэний дэмжлэг авсан нийтийн өргөдлийн асуудлыг Засгийн газар хуулийн төслөө өргөн мэдүүлсний дараа УИХ-ын холбогдох байнгын хороодоор үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.
С.МАНДАХ