АНУ-ын Техас муж дахь Caldwell амьтны хүрээлэн Halloween-ы баярт зориулан байрлуулсан чимэглэлүүдтэй холбоотой шүүмжлэлд хариу өгчээ. Учир нь зарим чимэглэл хүүхдүүдийг айлгаж, бүр уйлуулсан гэх гомдол эцэг эхчүүдээс ирсэн байна.
Halloween-ы баярын үеэр Техас мужийн Тайлер хотод байрлах 85 акр талбай бүхий тус амьтны хүрээлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг баярын арга хэмжээндээ нэгдэж, зочдоо хүлээн авчээ.
Гэвч тус хүрээлэнгийн баярын чимэглэлүүд хэтэрхий аймшигтай байсан гэж эцэг эхчүүд шүүмжилсэн байна. Тухайлбал, “хэрчигдэж гэмтсэн хүний биеийн хэсгүүдийг дуурайлган хийсэн дүрслэл, толгойгүй дүрсүүд, модноос дүүжилсэн сүрдмээр дүрүүд, мөн улаанаар гэрэлтсэн нүдтэй аварга том араг яс болон бусад аймшгийн дүрүүд” байрлуулсан нь бага насны хүүхдүүдийг цочоожээ.
UPI агентлагийн мэдээлснээр, зарим эцэг эх хүүхдүүдийнхээ нүдийг гараараа халхалж, зарим нь аймшигтай чимэглэлүүдийн хажуугаар яаран өнгөрөхөд хүрсэн байна.
Энэ асуудалтай холбогдуулан аравдугаар сарын 31-нд Change.org цахим платформд “A B” гэсэн нэрийн эхний үсгээр бүртгүүлсэн хэрэглэгч өргөдөл гаргажээ. Тэрбээр “хэт бодитой, айдас төрүүлэм Halloween-ы чимэглэлүүд” нь гэр бүлээрээ зочлох дуртай амьтны хүрээлэнг бага насны хүүхдүүдийн хувьд тав тухгүй, сэтгэл түгшээсэн орчин болгосон хэмээн шүүмжилсэн байна.
Өргөдөлд “Эцэг эхчүүдийн мэдээлснээр, зарим хүүхэд айсандаа уйлж, унтахынхаа өмнө ч айдастай байж, үхэл хагацлын талаар түгшүүртэй асуулт асуух болсон. Амьтны хүрээлэнд зочлох үеэр зарим гэр бүл хүүхдүүдийнхээ нүдийг халхлах, аймшигтай чимэглэлүүдийн хажуугаар яаран өнгөрөх, бүр зарим амьтдыг үзэх хэсгийг бүхэлд нь алгасахад хүрсэн” гэж дурджээ.
Мөн нийт 544 хүний дэмжлэг авсан уг өргөдөлд амьтны хүрээлэнг “зөөлөн, улирлын шинжтэй чимэглэл” ашиглаж, өдрийн цагаар ирэх бага насны хүүхдүүдэд ээлтэй, тав тухтай орчныг хэвээр хадгалахыг уриалсан байна.
Олон нийтийн шүүмжлэл нэмэгдсэний дараа Caldwell амьтны хүрээлэн зочдын санал гомдлыг хүлээн авч байгаагаа илэрхийлж, ялангуяа бага насны хүүхдүүдэд зориулан бүрдүүлсэн орчинтой холбоотой асуудлыг анхааралдаа авсан байна.
Тус амьтны хүрээлэн албан ёсны цахим хуудсууддаа нийтэлсэн мэдэгдэлдээ ирээдүйн арга хэмжээнүүдээ гэр бүлүүдэд илүү тохиромжтой болгохын тулд ирсэн саналыг харгалзан үзэхээ амлажээ.
Мэдэгдэлд “Caldwell амьтны хүрээлэнгийн Halloween-ы зарим чимэглэл бага насны хүүхдүүдэд хэтэрхий аймшигтай байсан талаар зочид санал, шүүмжлэлээ илэрхийлснийг бид ойлгож байна. Манай амьтны хүрээлэн орон нутгийн иргэдэд гэр бүлээрээ үйлчлүүлэхэд ээлтэй орчин бүрдүүлэхийг үргэлж зорьдог.
Та бүхний санал бодлыг сонсож байгаа бөгөөд цаашдын арга хэмжээнүүдийг зохион байгуулахдаа заавал харгалзан үзэж байхаа мэдэгдье” гэжээ.
Гэсэн хэдий ч тус мэдэгдэл олон нийтийн дунд харилцан адилгүй байр суурь, сэтгэгдэл төрүүлсэн байна.
Нэгэн сэтгэгдэл бичигч цэцэрлэгийн насанд хүрээгүй хүүхдүүдтэй найз нь амьтны хүрээлэнд зочлох үеэрээ зарим хэсгийг алгасахаас өөр аргагүйд хүрсэн тухай дурджээ.
Түүний хэлснээр, хүүхдүүд ялангуяа толгойгүй морьтон болон амандаа хүний гар зуусан нохойн дүрслэлээс ихэд айсан байна. Гэсэн ч тэрбээр амьтны хүрээлэн асуудлыг хүлээн зөвшөөрч, анхааралдаа авсанд талархаж буйгаа илэрхийлжээ.
Харин зарим зочин чимэглэлүүдэд огтхон ч дургүйцээгүй бөгөөд Halloween-ы үеэр амьтны хүрээлэнд зочлох нь насанд хүрэгчид төдийгүй хүүхдүүдэд ч хөгжилтэй байсан хэмээн бичсэн байна. Тэд ирэх жилийн арга хэмжээг тэсэн ядан хүлээж байгаа аж.
Нэгэн зочин “Миний хоёр настай хүүхэд амьтдаас илүүтэй чимэглэлүүдэд дуртай байсан байх аа. Хаана ч байсан зогсоод зураг авахуулж байсан!” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Өөр нэгэн зочин хүүхэдгүй насанд хүрэгчдийн хувьд чимэглэлүүдийг гэр бүлд ээлтэй гэж үзсэнээ илэрхийлсэн байна.
Мөн “Бид хүүхэдгүй, насанд хүрсэн зочдын хувьд ч эдгээр чимэглэлийг гэр бүлд тохиромжтой гэж бодсон. Цус нөж, аймшигт дүрслэл багатай Halloween-ы чимэглэлүүдийг ийм сайхан хийж чадсан нь үнэхээр таатай байсан. Үнэнийг хэлэхэд, айлуудын хашаанд үүнээс ч аймшигтай зүйлсийг харж байсан” гэжээ.
Мөн өөр нэгэн зочин “Хараад л айсандаа хөшчихмөөр! Чимэглэлүүд үнэхээр гоё байсан, огтхон ч аймшигтай байгаагүй!” хэмээн бичсэн байна.
Эх сурвалж: PARADE