Өмнөд Солонгосын BLACKPINK хамтлагийн гишүүн Женни Австралийн Tame Impala уран бүтээлчтэй хамтран гаргасан “Dracula” дуугаараа 2027 оны “Грэмми” шагналын гол төрөлд, тэр дундаа “Оны шилдэг бичлэг” номинацид нэр дэвшжээ.

АНУ-ын Бичлэгийн академи даваа гарагт 69 дэх удаагийн “Грэмми” шагналын 100 төрөлд нэр дэвшигчдийг зарласан байна. Шагнал гардуулах ёслол ирэх оны хоёрдугаар сарын 7-нд Лос-Анжелес хотын Crypto.com Arena-д болно.

Женни болон Tame Impala нар хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэйд тооцогддог “том зургаан” ерөнхий төрлийн нэг болох “Оны шилдэг бичлэг”-ээс гадна “Шилдэг поп хос/хамтлагийн үзүүлбэр” төрөлд нэр дэвшжээ.

Мөн Өмнөд Солонгосын IVE болон KiiiKiii охидын хамтлаг тус бүр “Bang Bang”, “404 (New Era)” дуугаараа “Азийн поп хөгжмийн шилдэг үзүүлбэр” төрөлд нэр дэвшсэн байна.

Ирэх жилийн шагнал гардуулах ёслолын хүрээнд шинээр бий болгосон таван төрлийн нэг болох “Азийн поп хөгжмийн шилдэг үзүүлбэр” номинацийг өнгөрсөн зургадугаар сард танилцуулжээ. Тус төрөл нь K-pop, J-pop, C-pop зэрэг Азийн поп хөгжмийн уран бүтээлчдийн үзүүлбэрийн уран сайхны чанарыг үнэлэх зорилготой аж.

Гэвч K-pop урсгалын тэргүүлэгчдийн нэг BTS тус төрөлд нэр дэвшихээр уран бүтээлээ илгээгээгүй тул нэр дэвшигчдийн жагсаалтад багтсангүй. Шүүмжлэгчид “Азийн поп” гэсэн тусгай төрөл бий болгосноор барууны бус уран бүтээлчдийг бусдаас тусгаарлан ангилах эрсдэлтэй хэмээн үзэж байгаа бөгөөд BTS энэ шийдвэрийг эсэргүүцсэн бололтой.

K-pop girl group Ive is seen in this photo provided by Starship Entertainment. (PHOTO NOT FOR SALE) (Yonhap)
IVE охидын хамтлаг. Starship Entertainment-ээс ирүүлсэн гэрэл зураг. (Худалдах зориулалтгүй) (Yonhap)

BTS өнгөрсөн долдугаар сард уг шийдвэрээ зарлахдаа хөгжмийг бүс нутаг, хэлээр нь ангилахын оронд “өөрийнх нь хувьд байгаагаар нь сонсож, хайрладаг” байгаасай хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.

Мөн K-pop-ийн тэргүүлэх хөвгүүдийн хамтлагуудын нэг Stray Kids аравдугаар сард энэ жишгийг дагасан байна. Тус хамтлагийн агентлаг JYP Entertainment шинэ ангиллыг эсэргүүцэж, “Грэмми”-д уран бүтээлээ илгээгээгүйгээ баталжээ.

Эдгээр шийдвэрийн дараа “Грэмми”-д бүтээлээ илгээсэн K-pop уран бүтээлчдийн тоо цөөн болж, өмнө нь таамаглаж байснаас доогуур үзүүлэлтэд хүрсэн байна.

Төрөл тус бүрийн эцсийн шатны санал хураалт арванхоёрдугаар сарын 10-наас ирэх оны нэгдүгээр сарын 7-ны хооронд үргэлжлэх бөгөөд үүний дараа хоёрдугаар сард шагнал гардуулах ёслол болох аж.

K-pop girl group KiiiKiii is seen in this photo provided by Starship Entertainment. (PHOTO NOT FOR SALE) (Yonhap)
KiiiKiii охидын хамтлаг. Starship Entertainment-ээс ирүүлсэн гэрэл зураг. (Худалдах зориулалтгүй) (Yonhap)

Эх сурвалж: YONHAP