Disney+ стриминг платформын БНСУ дахь удирдлагууд лхагва гарагт “The Remarried Empress” (Дахин гэрлэсэн хатан хаан) хэмээх Солонгосын романтик, уран зөгнөлт цуврал дэлхий даяар ийм хэмжээний амжилтад хүрнэ гэж анхнаасаа төсөөлөөгүй талаараа мэдэгджээ. Тэд уг бүтээлийг эхнээсээ л хэрэгжүүлэхэд томоохон сорилт байсан хэмээн онцолсон байна.
Шин Мин-а, Жү Жи-хүн, И Жон-сог, И Сэ-ён зэрэг алдартай жүжигчдийн бүрэлдэхүүнтэй тус цувралд хатан хаан Навье болон түүний нөхөр Совиешү нарын амьдралыг өгүүлдэг. Тэдний гаднаас харахад амар тайван, аз жаргалтай мэт гэр бүлийн амьдралд өмнө нь боол байсан, оргож зугтсан Рашта хэмээх эмэгтэй гарч ирснээр бүх зүйл орвонгоороо эргэдэг байна.
Уг цуврал нь ижил нэртэй веб романаас сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд тус зохиол нь вебтүүн хэлбэрээр мөн хэвлэгдэж, нийт хэдэн тэрбум хандалт авчээ. Романтик уран зөгнөлт зохиолыг амьд жүжигчидтэй олон ангит кино болгон бүтээсэн нь ховор тохиолдол тул анхнаасаа олны анхаарлыг татсан байна.
The Walt Disney Company Korea компанийн орон нутгийн контент хариуцсан захирал Чой Ён Ү БНСУ-д Disney+ платформ нэвтэрсний таван жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр “Энэ бол бидний хувьд энэ жилийн хамгийн том сорилт байлаа” хэмээн хэлжээ.
Тэрбээр цааш нь “Барууны орчин нөхцөлийг романтик уран зөгнөлт жанртай хослуулсан өвөрмөц зохиолын онцлогоос шалтгаалан дэлгэцийн бүтээл болгох амаргүй байсан. Гэсэн хэдий ч бид энэ сорилтыг хүлээн авч, үүний үр дүнд дэлхийн 90 орчим улсын үзэгчдээс өндөр үнэлгээ, эерэг хариу авлаа” гэжээ.
Тус цуврал арваннэгдүгээр сарын 3-нд нээлтээ хийснээс хойших эхний гурван хоногт дэлхий даяар цуглуулсан үзэлтээрээ Disney+ платформын өмнөх бүх үндэсний хэмжээний оригинал бүтээлийг давсан байна.
Чой Ён Ү энэхүү амжилт өөрийг нь ч гайхшруулсан талаар хэлжээ. Түүний үзэж буйгаар, үзэгчид өмнө нь танил болсон романтик уран зөгнөлт зохиолыг асар өргөн цар хүрээтэй, амьд жүжигчидтэй бүтээл болгон үзсэн нь шинэ содон мэдрэмж төрүүлсэн байж болох аж.
Disney+ Солонгос контентын хүрээгээ тэлнэ
Өмнө нь “Moving”, “Made in Korea” зэрэг амжилттай Солонгосын оригинал бүтээлүүдийг үзэгчдэд хүргэсэн Disney+ платформ дэлхийн зах зээлд Солонгосын контентын ач холбогдол өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор энэ чиглэлийн хөрөнгө оруулалт, бүтээлээ улам өргөжүүлэхээр зорьж байгаа талаар компанийн удирдлагууд мэдэгджээ.
Платформын мэдээлснээр, дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад Солонгос контентын жилийн нийт үзэлтийн цаг Латин Америкт 27 дахин, Европ, Ойрхи Дорнод болон Африкт долоо дахин, АНУ, Канадад зургаа дахин тус тус нэмэгдсэн байна.
Мөн бодит байдлыг харуулсан “Battle of Fates” цуврал олон улсын зах зээлд амжилттай тэлж байгааг онцолжээ. Тус бүтээлийн Их Британийн хувилбарыг одоо боловсруулж байгаа бол Мексик болон Испани хувилбарыг бүтээх асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Ирэх онд илүү олон үзэгчдэд хүрэх зорилгоор Disney+ шинэ бүтээлүүдийн жагсаалтаа мөн танилцуулжээ. Тэдгээрийн дунд И Бён-хүн, Хан Жи-мин нарын тоглосон АНУ-ын “The Americans” цувралаас сэдэвлэсэн “The Koreans”, “Code” болон “A Man's Man” бүтээлүүд багтсан байна.
Түүнчлэн хэвлэлийн бага хурлын үеэр хоёр шинэ оригинал, зохиолгүй нэвтрүүлгээ танилцуулжээ. Үүнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөрлөлийн харилцааг сорих бодит реалити шоу болох “Friend-zoned” болон “Battle of Fates” нэвтрүүлгийн хоёрдугаар улирал багтсан байна.
Үүнээс гадна орон нутгийн уран бүтээлчидтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлж, баримтат кино, ситком болон спортын нэвтрүүлгийн чиглэлээр контентын төрөл зүйлээ улам өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
The Walt Disney Company Korea компанийн гүйцэтгэх захирал Ким Со Ён энэ талаар “Диснейн өвөрмөц өгүүлэмж, дэлхий даяарх үнэнч үзэгчдийн хүрээг Солонгосын онцгой авьяаслаг уран бүтээлчидтэй нэгтгэснээр бид үзэгчидтэй илүү гүн гүнзгий, урт хугацааны холбоо тогтоохыг зорьж байна.
Мөн Disney+ платформыг шүтэн бишрэгчид болон тэдний дуртай түүхүүдийг холбодог дижитал орон зайн гол төв болгон хөгжүүлэхийг хүсэж байна” гэжээ.

Эх сурвалж: YONHAP