Кембрижийн толь бичиг (Cambridge Dictionary) англи хэлний “human” буюу “хүний” гэсэн тэмдэг нэрийг 2026 оны онцлох үгээр нэрлэжээ. Энэ тухай тус толь бичгийн албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байна. Энэхүү үгийг оны онцлох үгээр сонгосон нь хиймэл оюун ухааны хөгжилтэй холбоотой аж.
Хэл шинжээчдийн анхааруулж буйгаар, “human” гэх үг нь уламжлалт утгаараа хүнийг амьтан болон бурхнаас ялган тодорхойлдог байсан бол сүүлийн үед машины буюу хиймэл оюун ухаанаар бүтээсэн зүйлээс хүний оролцоотой бүтсэн бүтээгдэхүүнийг ялгах утгаар улам бүр түгээмэл хэрэглэгдэх болжээ.
Тухайлбал, “human-written” буюу хүн өөрөө бичсэн, “human-generated”, “human-made” буюу хүний бүтээсэн гэх мэт нийлмэл тодотголд уг үг түлхүү ашиглагдах болсон байна. Ингэснээр аливаа бүтээл, бүтээгдэхүүнийг хүн өөрөө бүтээсэн, эсвэл хүний онцлогийг агуулсныг хиймэл оюун ухаанаар бий болгосон зүйлээс ялган тодотгох болжээ.
Кембрижийн толь бичгийн тайлбарт "Магадгүй хэлний энэхүү өөрчлөлт нь хиймэл оюун ухаан бидний амьдралд хаа сайгүй нэвтэрч буйг тусгасан хэлний жам ёсны хувьсал байж болох юм. Гэхдээ үүнээс ч илүү чухал зүйл, тухайлбал бидний хиймэл оюун ухаанд хандах хандлагад гарч буй эргэлтийн цэг байж болохыг үгүйсгэх аргагүй" гэж дурджээ.
Кембрижийн толь бичгийн ерөнхий редактор Колин Макинтошийн хэлснээр, 2026 он хүмүүсийн хэрэглэж, хэрэглэж буй бүтээгдэхүүн үйлчилгээнд хүний оролцоо, хүчин зүйлийн үнэ цэнийг дахин анхаарах хандлага сэргэснээрээ онцлог байжээ.
Мөн хүний мөн чанар, хүний оролцооны ач холбогдол амьдралын бүхий л хүрээнд улам бүр нэмэгдэж байгааг онцолсон аж.
Дашрамд дурдахад, Кембрижийн толь бичиг өнгөрсөн 2025 оны онцлох үгээр “parasocial” буюу “парасоциал” гэх үгийг нэрлэж байв. Энэ нь хүн алдартай хүн, ном, киноны дүр, эсвэл хиймэл оюун ухаантай өөрт нь бодитоор харилцаа үүсээгүй ч сэтгэл зүйн хувьд холбоотой мэт мэдрэмж төрүүлэх харилцааг илэрхийлдэг нэр томьёо юм.
Эх сурвалж: VEDOMOSTI