АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Юта мужийн сенатор асан, Бүгд найрамдах намаас 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Митт Ромни нэгэн сонирхолтой зөвлөгөө өгснийг ил болгожээ. Тэрбээр арваннэгдүгээр сарын 17-ны мягмар гарагт хэвлэгдсэн "Promise Me, America" хэмээх шинэ дурсамж номдоо энэ тухайгаа дурдсан байна.
Ромни Байденд “Алхахдаа гараа сайн хөдөлгө. Чи алхахдаа хоёр гараа биеийнхээ хажууд хэтэрхий хөдөлгөөнгүй байлгадаг. Гараа хөдөлгөж алхвал илүү эрч хүчтэй, өөртөө итгэлтэй харагдана” хэмээн зөвлөж байжээ. Энэхүү дурсамж нь Байдены нас, эрүүл мэндийн байдал түүний дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэрт хэрхэн нөлөөлсөн тухай өгүүлсэн хэсэгт багтсан байна.
Гэрэл зургийг: Jim Watson-Pool / Getty Images; Ting Shen / Bloomberg via Getty Images.
Тэрбээр 2022 оны тавдугаар сард сенатор Митт Ромни болон түүний гэр бүлийг Цагаан ордонд хувийн аялал хийхээр урьсан бөгөөд тэднийг хамтдаа алхаж байх үед Ромни түүнтэй ярилцахаар түр хөндийрч, нэгэн зөвлөгөө өгч болох эсэхийг асуужээ. Тухайн үед Ромни 75, Байден 79 настай байсан бөгөөд Байдены алхах хөдөлгөөн өмнөхөөсөө хөшүүн болсон нь олон нийтийн анхаарлыг татаж байв.
Байден дурсамж номдоо Ромнигийн өгсөн зөвлөгөөг “сайн зөвлөгөө байсан бөгөөд би хэрэгжүүлэхийг хичээсэн” хэмээн бичжээ. Тэрбээр үүнээс илүү чухал нь улс төрд бие биедээ үзүүлж буй энгийн сайхан сэтгэл, хүнлэг хандлагын нэг жишээ байсныг онцолсон байна. Байдены үзэж байгаагаар, улс төрийн хүрээнд ийм жижигхэн боловч эерэг үйлдэл илүү олон байх хэрэгтэй аж.
Жо Байден PEOPLE сэтгүүлд өгсөн тусгай ярилцлагадаа мөн өөрийн эрүүл мэндийн талаар нээлттэй ярьжээ. Тэрбээр хэрэв Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хорт хавдартай гэдгээ мэдсэн бол 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөс татгалзаж, албан тушаалаасаа огцрох байснаа хэлсэн аж.
Тэрбээр “Би дахин сонгуульд өрсөлдөхгүй байсан. Учир нь, хорт хавдартай 80 настай хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх ёсгүй гэж бодож байна. Гэхдээ тухайн үед тийм нөхцөл байдал байгаагүй” хэмээн ярьжээ.
Гэрэл зургийг: Chip Somodevilla / Getty Images.
Байден 2025 оны тавдугаар сард түрүү булчирхайн хорт хавдрын дөрөвдүгээр шатанд оношлогдсон бөгөөд туяа эмчилгээ хийлгэж дууссан, дааврын эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа аж. Тэрбээр арваннэгдүгээр сарын 5-нд Делавэр мужийн Уилмингтон хот дахь гэртээ PEOPLE сэтгүүлд ярилцлага өгөхдөө эмчилгээний явцынхаа талаар өөдрөг мэдээлэл хуваалцсан байна.
Байден “Одоогоор бүх зүйл нэлээд нааштай байна. Миний өвчилсөнтэй адил төрлийн хорт хавдартай гэж оношлогдсон олон хүн урт насалж, цаашид 10, 20 жил амьдардаг. Одоогоор хийсэн хоёр шинжилгээний үр дүнгээр хавдар өмнө нь тархсан хэмжээнээс цааш тархаагүй байна” гэж хэлжээ.
Сонирхолтой нь, Байден 2025 оны нэгдүгээр сарын 4-нд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас хоёр долоо хоногийн өмнө Митт Ромнид Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одон гардуулсан аж. Гэхдээ уг шагналыг Ромнид өөрт нь бус, түүний талийгаач эцэг, Мичиган мужийн амбан захирагч асан Жорж Ромнигийн нэрийн өмнөөс гардуулсан байна.
Митт Ромни 2025 оны нэгдүгээр сард Сенатын гишүүний албан тушаалаа орхисон бөгөөд 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүйгээ мэдэгдсэн аж. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард Deseret Voices подкастад оролцохдоо “Үнэнийг хэлэхэд, би дахин оролцохыг хүсэх байсан. Магадгүй энэ удаа амжилтад хүрч ч болох юм. Гэхдээ үгүй, би нэр дэвшихгүй” хэмээн ярьжээ.
Улс төрийн өөр өөр намын төлөөлөл болсон Жо Байден, Митт Ромни нарын хооронд өрнөсөн энгийн яриа Байдены шинэ дурсамж номд багтсан нь олны анхаарлыг татаж байна. Тэдний энэ яриа улс төрийн өрсөлдөөнөөс үл хамааран хүмүүс бие биедээ анхаарал тавьж, хэрэгтэй үед нь энгийн зөвлөгөө өгч болохыг харуулсан нэгэн сонирхолтой дурсамж болжээ.
Эх сурвалж: PEOPLE