Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварценеггер болон түүний хуучин эхнэр Мария Шрайвер нар гэрлэлтээ цуцлуулсан ч баяр ёслолын үеэр гэр бүлээрээ цуглардаг уламжлалаа өнөөг хүртэл хадгалсаар байгаа аж.
Арнольд PEOPLE сэтгүүлд ярилцлага өгөхдөө энэ талаар дэлгэсэн байна. Тэр “Хэдийгээр бид салсан ч хүүхдүүд маань эцэг эхээ үргэлж хамт байхыг харах дуртай” хэмээн ярьжээ. Тэрбээр гэр бүлийнхээ Зул сарын баярын уламжлалын талаар “Манай гэр бүл үргэлж хамт байдаг. Салсан эсэх нь хамаагүй, бид бүгдээрээ цуглардаг. Хүүхдүүд маань үүнд дуртай. Тиймээс бид энэ уламжлалаа үргэлжлүүлсээр байна” хэмээн онцолсон аж.
Арнольд Шварценеггер, Мария Шрайвер нар 1986 онд гэрлэж, 2011 онд тусдаа амьдрах болж, гэрлэлтээ 2021 онд албан ёсоор цуцлуулжээ. Тэд Кэтрин, Кристина, Патрик, Кристофер хэмээх дөрвөн хүүхэдтэй. Харин Арнольд өмнө нь гэр бүлийнхээ гэрийн үйлчлэгч байсан Милдред Патрисиа Баенатай дотно харилцаатай байсны улмаас Жозеф Баена хэмээх хүүтэй болсон бөгөөд тэрбээр өдгөө 28 настай аж.
Зургийг Кэтрин Шварценеггерийн Instagram хуудсаас.
Шварценеггер бага насандаа Австри улсад өсөж торнихдоо гэр бүлийнхээ Зул сарын баярыг хэрхэн тэмдэглэдэг байсныг дурсан ярьж, тэр үеийн уламжлалаа хүүхдүүддээ, одоо ач зээ нартаа өвлүүлэн үлдээж байгаагаа хэлжээ. Тэрбээр түүний гэр бүл жил бүр шалнаас тааз хүртэл тулсан өндөр гацуур мод засдаг байсан бөгөөд гацуурын орой нь үргэлж таазанд хүрдэг байсныг дурссан байна. Харин одоо энэ уламжлал түүний гурван ач зээгийнх нь амьдралд үргэлжилж байгаа аж. Түүний том охин Кэтрин жүжигчин Крис Пратттай гэрлэсэн бөгөөд тэд гурван хүүхэдтэй болжээ.
Арнольд жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-нд Мария Шрайверын гэрт очиж, түүний гэр бүлтэй хамт Зул сарын баяраа тэмдэглэдэг байна. Мария баярын үеэр асар том гацуур мод засаж, гэр бүлийнхнээ хүлээн авдаг аж. Ийнхүү тэд гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдүүд, ач зээ нарынхаа төлөө баярын өдрүүдийг хамтдаа өнгөрүүлэхийг чухалчилдаг хэвээр буй юм байна.
Түүнчлэн Мария Шрайвер 2025 онд PEOPLE сэтгүүлд ярилцлага өгөхдөө хуучин нөхөртэйгөө харилцаа сайтай байгаа талаараа ярьж байжээ. Тэрбээр “Бид хүүхдүүд, ач зээ нар, бас өөрсдийнхөө тухай ярилцахдаа их инээлддэг. Өнөөг хүртэл хоорондоо ярилцаж, харилцаатай байгаадаа бахархдаг. Бараг 50 жилийн турш!” хэмээн дурдсан байна.
Дашрамд дурдахад, Арнольд Шварценеггер энэ жил The Man with the Bag хэмээх шинэ инээдмийн кинонд Санта Клаусын дүр бүтээжээ. Алан Ричсон, Авквафина нарын хамт тоглосон уг кино арванхоёрдугаар сарын 2-нд Amazon Prime Video платформоор нээлтээ хийхээр товлогдсон аж. Мөн жүжигчин Amazon компанийн баярын сурталчилгаанд “Santa Schwarzenegger” нэртэй дүрээр оролцжээ.
Холливудын алдарт хосуудын нэг байсан Арнольд Шварценеггер, Мария Шрайвер нар гэр бүлийн амьдралаа тус тусдаа үргэлжлүүлж байгаа ч ийн үр хүүхэд, ач зээ нарынхаа төлөө халуун дулаан харилцаагаа хадгалж, олон жилийн уламжлалаа үргэлжлүүлсээр буй юм байна.
Эх сурвалж: PEOPLE