Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газрын үйл ажиллагаа, зарим албан тушаалтныг чөлөөлж, томилсон шийдвэр болон Гашуунсухайтын төмөр зам, “Бодь” группийн оффтейк гэрээтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг онцлоод, Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр үүрэгт ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдсэнтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал “Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Цаашид ч хэвийн үргэлжилнэ. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдсэн. Төрийн тэргүүний эр зориг, ёс суртахууны өндөр жишиг харуулсан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна” гэлээ.
Зарим албан тушаалтныг чөлөөлж, томилох шийдвэр гаргалаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гарсан томилгоо, чөлөөлөлтийн шийдвэрүүдийн талаар Ерөнхий сайд мэдээлэв. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярыг чөлөөлөх захирамж гаргаж байгааг мэдэгдлээ. Харин Батлан хамгаалахын сайд Д.Батлутын хувьд Ерөнхий сайдад ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн байна.
Түүнчлэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа өнөөдөр дуусаж байгаа аж. Гэвч Зэвсэгт хүчний командлагчийн эзгүйд салбарын удирдлага, тогтвортой байдалд хүндрэл үүсэх эрсдэлтэй гэж үзсэн тул холбогдох өргөдлийг одоогоор шийдвэрлээгүй байна.
Харин Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг улираан томилох шийдвэр гаргажээ. Энэ талаар Ерөнхий сайд “Батлан хамгаалах салбар эзэнгүйдэж болохгүй” хэмээн тайлбарлав.
Гашуунсухайтын төмөр зам, “Бодь” группийн оффтейк гэрээг хөндлөнгийн аудитаар шалгуулна
Ерөнхий сайд Гашуунсухайтын төмөр зам болон “Бодь” группийн оффтейк гэрээтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, уг асуудалд холбогдох төрийн өндөр албан тушаалтнуудыг нам харгалзахгүйгээр шалгуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгдэв.
Тэрбээр энэ асуудлаар дараах гурван чиглэлд ажиллахаа танилцууллаа. Нэгдүгээрт, хөндлөнгийн үнэлгээ, аудит хийлгэнэ. Гашуунсухайтын төмөр зам болон “Бодь” группийн оффтейк гэрээтэй холбоотой асуудалд тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд бүгд шалгуулах ёстой гэж Ерөнхий сайд үзэж байна.
Тэрбээр “Танай, манай нам гэж ялгалгүй, хүний өөрийн гэж талцалгүйгээр бүгдээрээ шалгуулах ёстой. Ерөнхийлөгч ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэхээр шалгуулж байгаатай адил төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс ч үнэн мөнийг тогтоолгох хэрэгтэй” гэв.
Мөн өнөөгийн улс төрийн нөхцөл байдал үүсэхэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүний хэлснээр, Х.Баттулга 2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж байхдаа уг гэрээг нууцад авч, урьдчилгаа төлбөр гаргуулсан нь өнөөдрийн маргаан, асуудлын эхлэл болсон аж. Үүнээс үүдэн гадаад, дотоодод ял шийтгэл хүлээсэн тохиолдол гарч, тухайн үеийн зарим зөвлөх, туслах нь хил даван явсан талаар мөн дурдлаа.
Энэ хүрээнд “Чингис хаан” үндэсний баялгийн сангийн нэгдэлд Гашуунсухайтын төмөр зам болон “Бодь” группийн оффтейк гэрээтэй холбоотой бүхий л үйл явцад олон улсын санхүүгийн үнэлгээ хийлгэж, хөндлөнгийн аудит оруулах чиглэл өгч байгаагаа мэдэгдэв.
Хоёрдугаарт, хууль хяналтын байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгнө. Сөрөг хүчнээс уг асуудлыг шалгуулах шаардлага ирүүлсэн бөгөөд өөрийнх нь хувьд ч бодит үнэнийг тогтоох ёстой гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд онцоллоо. Иймээс өнөөдөр хууль хяналтын байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгч, шалгалтын явц, дүгнэлтийг тодорхой хугацаанд танилцуулахыг даалгана гэв.
Гэхдээ хэн нэгнийг үндэслэлгүйгээр хэлмэгдүүлж болохгүйг анхааруулж, холбогдох сонсголыг зохион байгуулан, бодит баримтад тулгуурласан дүгнэлт гаргах шаардлагатайг онцолсон. Мөн өгсөн үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шат шатанд нь хариуцлага тооцохоо мэдэгдэв.
Тэрбээр “Хариуцлага нэхэж байгаа ард түмний шаардлагад төрийн өндөр албан тушаалтнууд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Хуулиа давж гишгэсэн хэнийг ч Монголын хууль дуудах болно” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Гуравдугаарт, авлигын эсрэг эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлнэ. Ерөнхий сайд Засгийн газрын дөрвөн чөлөөлөлтийн нэг нь авлигын эсрэг чиглэсэн шийдвэр байсныг онцлов. Түүнчлэн Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгааг мэдээллээ.
Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар цаашид оффтейк гэрээ байгуулахгүй байх зарчим баримталж, уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан зах зээлийн бодит үнээр борлуулах бодлого хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо.
Тэрбээр “Өнөөдрийн өөхнөөс гээд шууд гэрээ байгуулж, дараа нь Засгийн газар нь сонсголд дуудагддаг байж болохгүй. Г.Занданшатарын Засгийн газрын үед бүх гэрээ ил болсон. Одоо нууж хаах зүйл байхгүй” гэв.
“Хил давсан хүмүүс эх орондоо ирж, шалгуулах хэрэгтэй”
Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчид Ерөнхий сайдаас хотын дарга асан Х.Нямбаатарыг эх оронд нь авчрах эсэх болон дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй холбоотой байр суурийг нь тодрууллаа.
Энэ үеэр Ерөнхий сайд төрийн өндөр албан тушаал хашиж байсан, хил давсан хүмүүс эх орондоо ирж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлэв. Тэрбээр “Төрийн тэргүүн ажлаа өгөөд шалгуулж болж байхад төрийн өндөр алба хашиж байсан, хил гарсан хүмүүс эх орондоо ирээд шалгуулах хэрэгтэй. Баримт байгаа бол түүнийгээ гаргаж тавих ёстой. УИХ-ын гишүүн гээд халдашгүй байдлын ард нуугдах ёсгүй” гэлээ.
Мөн дараагийн Ерөнхийлөгчид гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүн нэр дэвшээсэй гэсэн хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий сайд хэдийгээр хэн нэгнийг гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоодог ч ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон атлаа шалгуулахгүй байгаа хүмүүсийн асуудлыг олон нийт анхааралтай ажиглаж байгааг онцоллоо.
С.МАНДАХ