Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр 08.00 цагт эхэлж, эдийн засаг, хөрөнгө оруулалт, төрийн өмчийн удирдлага, барилгын салбарын ил тод байдал болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй холбоотой нийт 20 орчим асуудал хэлэлцэж байгаа ажээ.
Хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад дараах асуудлууд багтжээ. Үүнд:
Төрийн өмчит компаниудын өмчлөлийн бодлогыг батлах асуудлыг хэлэлцэнэ
Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогыг батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Энэ нь төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, өмчлөлийн хэлбэр, засаглал, удирдлагын тогтолцоог шинэчлэх бодлогын хүрээнд чухал ач холбогдолтой юм.
Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль 2026 оны долдугаар сарын 2-нд батлагдсан бөгөөд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Үүнтэй холбоотойгоор төрийн өмчит компаниудыг ангилах, төрийн өмчлөгчийн оролцооны хүрээг тодорхойлох, төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах, компанийн үйл ажиллагааг цахимжуулах, хяналт, хариуцлагыг сайжруулах чиглэлийн өөрчлөлтүүдийг бодлогын төсөлд тусгажээ.
Уг бодлогыг 2027-2030 онд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр боловсруулсан талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өмнө нь мэдээлж байсан юм.
Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх ажлын явцыг танилцуулна
Хуралдаанаар хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн гомдол, түүнийг шийдвэрлэж буй явцын талаар хэлэлцэхээр болжээ.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн гомдлыг шуурхай шийдвэрлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах нь бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын итгэлцэлд чухал нөлөөтэй.
Тиймээс хөрөнгө оруулагчдын гомдол ямар шалтгаанаар үүсэж байгаа, холбогдох байгууллагууд хэрхэн шийдвэрлэж байгаа болон шийдвэрлэлтэд тулгарч буй хүндрэлүүдийг тодорхойлох шаардлагатай юм.
Орон сууцны барилгын мэдээллийг цахимаар нээлттэй болгоно
Барилгын ажлын зөвшөөрөлтэй, нийтийн зориулалттай орон сууцны барилгуудын мэдээллийг цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэй хүргэх техникийн боломжийг бүрдүүлэх ажлын явцыг мөн хэлэлцэнэ. Энэ асуудал нь орон сууц худалдан авахаар төлөвлөж буй иргэдийн хувьд онцгой ач холбогдолтой.
Сүүлийн үед орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой залилан, давхар захиалга, барилгын ажил удаашрах, захиалагчид хохирох асуудлаар иргэдээс олон тооны гомдол ирэх болсон.
Тухайлбал, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр мэдээлэл өгөхдөө орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдээс 870 гаруй өргөдөл, гомдол хүлээн авч, ажлын хэсэг шалгаж байгааг танилцуулсан юм.
Мөн Засгийн газрын 2026 оны 406 дугаар тогтоолоор барьж дуусаагүй орон сууцанд давхар захиалга авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, барилгын мэдээлэл болон захиалгын гэрээг ил тод, нээлттэй болгох чиглэлийн арга хэмжээ авахаар болсон байна.
Иймд барилгын ажлын зөвшөөрөл, газрын эрх, зураг төсөл, барилгын гүйцэтгэл, захиалагч болон гүйцэтгэгч компанийн мэдээллийг цахим хэлбэрээр нээлттэй болгох нь иргэд мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
2026 оны ургац хураалтын урьдчилсан дүнг танилцуулна
Хуралдаанаар энэ оны ургац хураалтын урьдчилсан дүн болон холбогдох мэдээллийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Ургац хураалтын дүн нь улсын хүнсний хангамж, гурил, төмс, хүнсний ногооны нийлүүлэлт, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэлт, цаашдын импортын хэрэгцээг тодорхойлоход чухал үзүүлэлт болдог.
Засгийн газраас стратегийн хүнсний нөөц бүрдүүлэхэд анхаарч, 2026 оны төсвийн тодотголоор энэ чиглэлд 120 тэрбум төгрөгийн санхүүжилт баталсан талаар мэдээлж байв.
Энэ удаагийн хуралдаанаар ургац хураалтын эцсийн болон урьдчилсан үзүүлэлтүүдийг нэгтгэн, хүнсний хангамж, нөөц бүрдүүлэлтийн цаашдын арга хэмжээний талаар хэлэлцэх юм байна.
Э.ЦЭЦЭН