Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өөрийн нэр холбогдоод буй авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээллийг няцааж, хуулийн байгууллагаар шалгуулан нэр төрөө сэргээлгэхийн тулд төрийн тэргүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан билээ.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Төрийн ордонд олон нийтэд хандаж мэдэгдэл хийхдээ өөрийнх нь нэр хүндэд халдсан, үндэслэлгүй гүтгэлэг тараасан асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, үнэн мөнийг тогтоолгохын тулд албан тушаалаа хүлээлгэн өгөх шийдвэр гаргаснаа илэрхийлсэн юм.
Ерөнхийлөгчийн нэрийг Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотой "Бодь Интернэшнл" группээс их хэмжээний авлига авсан гэх мэдээлэлтэй холбон дурдсан. Харин Ерөнхийлөгч өөрийнх нь эсрэг гарсан эдгээр мэдээллийг гүтгэлэг хэмээн няцааж, шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөрийн мэдээлснээр, У.Хүрэлсүх чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд хүргүүлсэн бөгөөд уг асуудлыг арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр товложээ.
Тус байнгын хороо өнөөдөр 13.30 цагт хуралдаж, Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэн, санал, дүгнэлтээ гаргасны дараа УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.
УИХ-ын нэгдсэн чуулганаар арваннэгдүгээр сарын 19-ний пүрэв гарагт уг асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах төлөвтэй байна.
Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
Монгол Улсын хууль тогтоомжид Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тохиолдолд УИХ шийдвэр гаргах зохицуулалттай.
Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, дараа нь нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн ил санал хураалт явуулна.
Хэрэв УИХ-ын гишүүдийн олонх нь хүсэлтийг дэмжвэл Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай шийдвэр гаргах юм.
УИХ-ын олонх дэмжээгүй тохиолдолд Ерөнхийлөгч бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь дангаараа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгохгүй.
Дараагийн Ерөнхийлөгчийг дөрвөн сарын дотор сонгоно
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар, Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд шинэ Ерөнхийлөгч сонгогдож, тангараг өргөх хүртэл түүний бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ.
Одоогийн УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр хэрэгжүүлэх нөхцөл үүсэх юм. Мөн ийм тохиолдолд УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулах ёстой. УИХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн тохиолдолд Монгол Улс хугацаанаасаа өмнө Ерөнхийлөгчийн сонгууль явуулах нөхцөл бүрдэнэ.
Дараагийн Ерөнхийлөгч сонгогдож, тангараг өргөснөөр төрийн тэргүүний бүрэн эрхийн залгамж халаа хэвийн үргэлжлэх юм.
С.МАНДАХ