МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.11.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан улс төрийн шийдвэр болон сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд ороод буй 110 сая ам.долларын асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдэгдлийг хүндэтгэж байгаагаа илэрхийлээд, төрийн эв нэгдэл, төрийн нэр хүндийг хамгаалах, олон асуудлын үнэн мөнийг тогтоохын тулд Ерөнхийлөгч өндөр албан тушаалаасаа бууж, шалгуулах шийдвэр гаргасныг дэмжиж буйгаа онцолсон юм. Мөн Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэрийг Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гаргасан гэж ойлгож байгаагаа дурдав.
Харин Х.Нямбаатарын хөндөж буй 110 сая ам.долларын асуудлыг тэрбээр эрс няцааж, “гүжир гүтгэлэг” хэмээн тодорхойллоо. Я.Содбаатарын хэлснээр, ямар нэгэн мөнгө байгаагүй учраас түүнийг зөөсөн гэх асуудал ч үндэслэлгүй аж. Уг асуудлыг өмнө нь хууль хяналтын байгууллагууд шалгаж байсан бөгөөд энэ удаа дахин нягтлан шалгаж, бодит үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр өөрийн өмнөх асуудлыг жишээ болгон дурдаж, 2019 оны нэгдүгээр сарын 20-ны үеэр Зам, тээврийн сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөн, ЖДҮ-ийн хэрэгт шалгуулж байх хугацаандаа нам, төрийн ажлаас хөндийрч байсан гэдгээ санууллаа. Түүнчлэн 110 сая ам.долларын асуудлын үнэн мөнийг тогтоохын тулд 2019, 2020 оны МАН-ын санхүүд хөндлөнгийн аудит оруулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийллээ.
Энэ талаар тэрбээр намын даргатайгаа ярилцсан бөгөөд аудитын дүгнэлтийг олон нийтэд нээлттэй танилцуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв. Ингэснээр уг асуудалтай холбоотой бодит нөхцөл байдал төдийгүй бусад холбогдох хүмүүсийн оролцоо ч тодорхой болно хэмээн найдаж буйгаа илэрхийллээ.
Мөн Гашуунсухайтын гэрээтэй холбоотой асуудлыг хөндөж, тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй хүмүүсийн оролцоо, тухайн үеийн нөхцөл байдлыг ч шалгаж, үнэн мөнийг тогтоох шаардлагатай гэж үзэж байгаагаа дурдсан юм.
Я.Содбаатар мэдээллийнхээ төгсгөлд Ерөнхийлөгчийн шударга ёсыг тогтоохын төлөө гаргаж буй шийдвэрийг зөв гэж үзэж байгаагаа дахин илэрхийлээд, уг асуудлыг хөндөж буй Х.Нямбаатар өөрөө ч шалгалтад оролцож, тайлбар өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Х.Нямбаатар ирэх ёстой. Ерөнхийлөгч огцорвол, ирж шалгуулна гэсэн. Шалгуулах хэрэгтэй” хэмээн онцолсон юм.
С.МАНДАХ