Дуучин Тейлор Свифтийн албан ёсны дэлгүүрт худалдаанд гарсан шинэ баярын цуглуулгын нэг бүтээгдэхүүн чанаргүй хийгдсэн гэх шүүмжлэлд өртөж, шүтэн бишрэгчдийнх нь бухимдлыг төрүүлжээ.

Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-ны баасан гарагт Тейлор Свифтийн албан ёсны цахим дэлгүүрт баярын улиралд зориулсан шинэ бүтээгдэхүүний цуврал худалдаанд гарсан байна. Гэвч захиалсан бараагаа хүлээн авсан зарим худалдан авагчид бүтээгдэхүүний хийц, будгийн чанарт сэтгэл дундуур байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлжээ.

Шүүмжлэл дагуулсан бүтээгдэхүүн нь дуучны “Lover” цомгийн ертөнц, дууны клипээс сэдэвлэсэн “Lover House Ceramic Piggy Bank” буюу “Lover” байшингийн загвартай шаазан мөнгөний хайрцаг аж. Уг бүтээгдэхүүн АНУ дахь албан ёсны дэлгүүрт 40 ам.долларын үнээр худалдаалагдаж буй юм байна.

Бүтээгдэхүүний тайлбарт "Цасан бүрхүүлтэй “Lover” байшингийн загварыг өнгө өнгийн өрөө, модны чимэглэлтэйгээр дүрсэлсэн" гэжээ. Харин дэлгүүрийн сурталчилгааны зурагт будгийн зааг тод, мөсөн унжлага болон байшингийн өрөө бүрийн өнгө нарийн ялгарсан, цэвэрхэн хийцтэй харагдаж байсан аж.

Худалдан авагчдын нэг болох Кери нэртэй бүсгүй өөрт нь хүргэгдсэн бүтээгдэхүүний зургийг X нийгмийн сүлжээнд нийтэлснээр бодит байдал сурталчилгааны зургаас эрс ялгаатай байгааг харуулжээ.

Image

Түүний авсан мөнгөний хайрцагт өрөөнүүдийн өнгө хоорондоо холилдож, будгийн зааг замбараагүй болсон байж. Байшингийн дээврийн мөсөн унжлагын хэсгийг ч нямбай будаагүйгээс хэлбэр дүрс нь бүдгэрч, моддын ногоон будгийг дутуу, хайш яайш түрхсэн мэт харагджээ. Мөн үүдний хаалганы зарим хэсгийг улаанаар бүрэн будаагүй байжээ.

Кери уг бүтээгдэхүүнийг хараад харамсаж, буцаахаар шийдсэнээ илэрхийлжээ. Тэрбээр “Энэ худалдан авалтдаа багагүй харамсаж байна. Одоо шууд буцаана” хэмээн бичсэн байна. Түүний нийтлэлийн дор Тейлор Свифтийн шүтэн бишрэгчид олон янзын сэтгэгдэл үлдээжээ.

Нэгэн хэрэглэгч “Үүнийг албан ёсны дэлгүүрээс ирсэн гэдэгт итгэхгүй байна. Үнэхээр аймшигтай” гэж бичсэн бол өөр нэг нь “Энэ чинь хүүхэд байхдаа хийдэг байсан гар урлал шиг харагдаж байна” хэмээн шүүмжилжээ. Мөн “Үүнийг хэн будсан юм бэ, дөрөвдүгээр ангийн хүүхэд үү?”, “Сургуулийн төсөл хийсэн юм шиг байна”, “40 ам.долларын үнэтэй гэхэд итгэмээргүй юм” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Тейлор Свифтийн бараа бүтээгдэхүүний чанар өмнө нь ч шүүмжлэл дагуулж байжээ

Тейлор Свифтийн албан ёсны бараа бүтээгдэхүүний үнэ болон чанарын асуудлаар шүтэн бишрэгчид нь өмнө нь ч удаа дараа гомдол гаргаж байсан аж. Тэр дундаа дуучны “Eras Tour” аялан тоглолтын үеэр шүтэн бишрэгчдийн дунд дэлгэрсэн нөхөрлөлийн бугуйвчнаас санаа авсан баярын чимэглэл өнгөрсөн жил худалдаанд гарахдаа үг үсгийн алдаатай байснаар мөн л шүүмжлэлд өртөж байжээ.

Зарим шүтэн бишрэгчид нь Тейлор Свифтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанарын хяналтыг хариуцаж буй багийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд энэ удаагийн асуудлыг ч мөн адил чанарын хяналт хангалтгүй байгаагийн илрэл хэмээн шүүмжилсэн байна.

Эх сурвалж: PARADE