Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргаснаа өнөөдөр мэдэгдсэн талаар ТАСС агентлаг мэдээлснийг "БИДНИЙ ТУХАЙ" буландаа онцолж байна.

Тус мэдээлэлд "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргаснаа өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, сүүлийн нэг сарын хугацаанд зарим гэмт бүлэглэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд, Ерөнхийлөгчийн институтийн эсрэг үндэслэлгүй дайралт хийж, гүтгэн доромжилж байгаа талаар онцолсон юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Та бүхний мэдэж байгаачлан, сүүлийн нэг сарын хугацаанд зарим гэмт бүлэглэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд болон Ерөнхийлөгчийн институтийн эсрэг ямар ч хариуцлагагүйгээр дайралт хийж, нэр төрийг нь гутаан доромжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч юм. Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдана гэдэг нь нийт ард түмний нэр хүндэд халдаж буй хэрэг.

Намайг урьд өмнө байгаагүй, онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, доромжиллоо. Би тодорхой хугацаанд дуугүй байж, нөхцөл байдлыг ажигласан. Гэвч хариуцлагатай албан тушаал хашиж буй хүний хувьд өнөөдөр энэхүү мэдэгдлийг хийхээр шийдлээ.

Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Өчигдөр Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорч, өөртэй нь холбоотой асуудлыг шалгуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Би үүнтэй санал нэг байна” хэмээн мэдэгджээ.

Мөн өөрийнх нь нэр төрд халдаж, гүтгэн доромжилсон этгээдүүд хуулийн хариуцлага хүлээх ёстойг онцолж, үнэн мөнийг тогтоолгосноор нэр төрөө сэргээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Миний нэр төрийг гутаан доромжилж буй хүмүүс хуулийн өмнө хариуцлага хүлээх болно. Миний нэр төр сэргээгдэх болно” хэмээн мэдэгджээ" гэж бичжээ.

Эх сурвалж: TASS