Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр өнөөдөр /2026.11.17/ өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад гардуулсан талаараа мэдээллээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, жирийн иргэний хувиар нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандах болсонтой холбогдуулан ийнхүү шийдвэр гаргаснаа тайлбарлав.

Б.Энхбаяр энэ талаар “Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн өөрийн итгэл үнэмшлээрээ шийдвэрээ гаргана. Миний хувьд ард түмний нэгэн адил хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний мэдэгдлийг шууд үзсэн. Төрийн тэргүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, эгэл жирийн иргэн болоод нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдлээ. Би төрийн тэргүүний энэхүү манлайллыг үлгэрлэх ёстой гэж үзэж байна” хэмээв.

Тэрбээр өөрийг нь өнгөрсөн хавраас эхлэн олон сая ам.долларын хахууль авсан гэх үндэслэлгүй гүтгэлэгт өртөж байгаа хэмээн мэдэгдсэн юм. Мөн УИХ-ын гишүүн асан Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс ямар нэгэн бодит үндэслэл, нотлох баримтгүй мэдээллийг удаа дараа тарааж, нэр төрд нь халдсан гэж буруутгалаа.

Б.Энхбаярын хэлснээр, хууль хяналтын байгууллагаас шалгалт явуулахад өөрийг нь авлига авсан гэх асуудлыг нотлох баримт тогтоогдоогүй аж. Тэр дундаа 110 сая ам.долларын тодорхой хэсгийг өөртөө авсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас нотлох баримт байхгүй гэдгийг мэдэгдсэн хэмээн онцлов.

Түүнчлэн тэрбээр өнгөрсөн хавар өрнөсөн уг асуудлын цаана улс төрийн зорилго байсан гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ болон түүний хамаарал бүхий бүлэглэл өөрийг нь авлигын хэрэгт холбогдуулан буруутгаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаас чөлөөлүүлэх замаар уг яамны удирдлагыг авахыг зорьсон гэж мэдэгдэв.

Энэ талаар тэрбээр “Өнгөрсөн хавар Л.Оюун-Эрдэнэ болон тус бүлэглэл энэхүү гүтгэлгийг тараасан гол зорилго нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалыг авах явдал байсан. Тэд зорилгодоо хүрсэн. Хууль зүйн сайд нь хэрэгтээ нөлөөлөөд байна, ажлаа өгөөд олон сая ам.долларын асуудлаа шалгуул гэх байдлаар улс төрийн тоглолт хийсээр сайдын албыг авсан. Одоо ч сайдын ажлаа өг гэж байна” хэмээн тайлбарлав.

Б.Энхбаяр "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэрийг улс төрч хүний хувьд үлгэрлэл болгож, өөрийн нэр төрөө сэргээлгэхийн тулд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна" гэж мэдэгдлээ.

Түүний өргөдлийг Ерөнхий сайд хэрхэн шийдвэрлэх, цаашлаад ЗГХЭГ-ын даргын албан тушаалд ямар өөрчлөлт гарах нь улс төрийн хүрээний анхаарал татсан асуудал болж байна.

С.МАНДАХ