УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг өнөөдөр /2026.11.17/ 14:00 цагт ээлжит бус хуралдаан зарлаж, яг одоо хуралдаж байна.
УИХ дахь МАН-ын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, өөртэй нь холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад хандан, нэр төрөө сэргээлгэхээр болсон шийдвэрийг хэлэлцэж байгаа аж. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар оролцож буй юм байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.11.17/ 11:00 цагт олон нийтэд мэдээлэл хийхдээ сүүлийн нэг сар гаруйн хугацаанд өөрийнх нь болон Ерөнхийлөгчийн институтийн нэр хүндэд халдсан, онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн үйлдлүүд гарч байгааг мэдэгдсэн юм.
Тэрбээр уг асуудалд тодорхой хугацаанд байр сууриа илэрхийлэлгүй, нөхцөл байдлыг ажигласан ч төрийн тэргүүний хувьд хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчмыг баримтлах ёстой гэж үзэж буйгаа онцолсон. Улмаар Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, өөртэй нь холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулан, үнэн мөнийг тогтоолгох, нэр төрөө сэргээлгэх шийдвэр гаргаснаа зарласан.
Түүний энэхүү мэдэгдэл УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өмнөх өдөр нь гаргасан шаардлагатай холбоотой аж. АН-ын бүлэг авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гэх мэдээлэлд нэр дурдагдсан төрийн өндөр албан тушаалтнууд ажлаа хүлээлгэн өгч, шалгуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн билээ.
Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д хүргүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэв. Түүний тайлбарласнаар, хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэхээс цаашдын үйл явц хамаарах бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх зохицуулалт үйлчлэх боломжтой аж.
Энэ бүхний цаана Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2019 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гэрээтэй холбоотой 25 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдуулан буруутгасан мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд ороод буй юм. Ерөнхийлөгч уг мэдээллийг эрс няцааж, өөрийг нь гүтгэж байгааг мэдэгдэж, гэрээтэй холбоотойгоор нэр дурдагдсан “Бодь Интернэшнл” компани ч авлига өгсөн гэх мэдээллийг ч үгүйсгэсэн.
Монгол Улсын төрийн тэргүүн өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч, хуулийн байгууллагаар шалгуулах шийдвэрээ зарласан нь улс төрийн хүрээнд томоохон үйл явдал болж байна. Одоо УИХ дахь эрх баригч намын бүлгийн хуралдаанаар уг асуудлыг хэрхэн хэлэлцэж, ямар байр суурь илэрхийлэх нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
С.МАНДАХ