Жеймс Бондын дүрийг бүтээх дараагийн жүжигчин эцэст нь тодорлоо
Жүжигчин Роберт Паттинсон 60 гаруй жилийн түүхтэй алдарт кино цувралын удахгүй гарах шинэ ангид Британийн домогт тагнуулчийн дүрийг бүтээхээр болжээ. Тус киног найруулагч Дени Вильнёв найруулж, зохиолыг нь Стивен Найт бичих аж.
Энэ нь Жеймс Бондын цувралын 26 дахь кино бөгөөд 40 настай Паттинсон кино урлагийн түүхэн дэх домогт 007 агентын дүрийг бүтээх долоо дахь жүжигчин болох нь.
Жеймс Бондын албан ёсны X хаягаар арваннэгдүгээр сарын 16-ны даваа гарагт жүжигчнийг сонгосноо зарлажээ. Мөн Паттинсоныг Бондын дүрээр анх удаа харуулсан 26 секундийн бичлэг нийтэлж, “Жеймс Бонд эргэн ирнэ” хэмээн мэдэгдсэн байна.
Паттинсон өмнө нь Дени Вильнёвтэй хамтран ажиллаж байсан. Тэдний хамтын бүтээл болох Dune 3 кино арванхоёрдугаар сарын 18-нд кино театруудаар нээлтээ хийх бөгөөд энэ нь Бэтмэн киноны жүжигчний уг гурвалсан цувралд оролцож буй анхны тохиолдол аж.
Дараагийн Жеймс Бондын тухай мэдээ Вильнёв уг киноны найруулагчаар ажиллахаа зарласнаас хойш жил гаруйн дараа ийнхүү тодорхой болжээ. Киног Эми Паскал, Дэвид Хейман нар продюсерлэж байгаа аж. Мөн энэ нь Барбара Брокколи, Майкл Ж. Уилсон нар цувралын удирдлагаас алхам ухарсны дараа Amazon MGM Studios-ийн бүтээж буй анхны Жеймс Бондын кино болох нь.
Продюсерууд Хейман, Паскал нар хамтарсан мэдэгдэлдээ Вильнёв “Энэ киног найруулахыг үргэлж мөрөөддөг байсан бөгөөд одоо энэ нь бидний ч мөрөөдөл боллоо” хэмээн онцолсон байна.
Вильнёв өөрийн мэдэгдэлдээ 007 агенттай холбоотой дурсамж нь бага насных нь кино үзэх дуртай мөчүүдтэй салшгүй холбоотой талаар дурджээ.
Тэрбээр зургадугаар сарын 25-нд хэлэхдээ “Миний кино үзэж эхэлсэн үеийн хамгийн анхны дурсамжуудын зарим нь 007 агенттай холбоотой. Би аавтайгаа хамт Шон Коннеригийн тоглосон Dr. No киноноос эхлээд Жеймс Бондын кинонуудыг үзэж өссөн. Би Бондын үнэнч шүтэн бишрэгч” гэжээ.
Оскарт нэр дэвшиж байсан найруулагч цааш нь “Миний хувьд Жеймс Бонд бол онцгой эрхэм, хүндэтгэх ёстой дүр юм. Би энэ цувралын уламжлалыг хүндэтгэхийн зэрэгцээ ирээдүйд олон шинэ адал явдал өрнөх замыг нээхийг зорьж байна.
Энэ бол асар том хариуцлага төдийгүй үнэхээр сэтгэл хөдөлгөм боломж, нэр төрийн хэрэг юм. Эми, Дэвид бид гурав түүнийг дахин дэлгэцнээ авчрах болсондоо туйлын их баяртай байна. Бидэнд итгэл хүлээлгэсэн Amazon MGM Studios-д баярлалаа” хэмээн ярьжээ.
Жеймс Бондын дүрд тоглох жүжигчдийн сонголт
Өнгөрсөн наймдугаар сард кино зохиолч Стивен Найт BBC Radio 5 Live Breakfast нэвтрүүлэгт оролцохдоо "Жеймс Бондын кинонд ажиллах нь 'миний заавал биелүүлэхийг хүсдэг мөрөөдөл'-ийн жагсаалтад үргэлж байсан зүйл” хэмээн ярьж байжээ.
Сүүлийн зургаан арван жилийн хугацаанд Жеймс Бондын дүрийг хэд хэдэн жүжигчин бүтээсэн. Анх 1962 онд нээлтээ хийсэн Dr. No кинонд Шон Коннери уг дүрийг бүтээж байжээ.
Хамгийн сүүлд Дэниел Крэйг Бондын дүрд тоглосон бөгөөд нийт таван кинонд дүрээ мөнхөлжээ. Үүнд 2006 оны Casino Royale, 2008 оны Quantum of Solace, 2012 оны Skyfall, 2015 оны Spectre, 2021 оны No Time to Die багтаж буй юм.
Дэниел Крэйг 2019 онд The Late Show with Stephen Colbert нэвтрүүлэгт оролцохдоо No Time to Die кино түүний Жеймс Бондын дүрд тоглох сүүлчийн бүтээл болохыг баталж, уг дүрээс бүрмөсөн хөндийрч байгаагаа мэдэгдсэн аж.
Түүнээс хойш Жеймс Бондын дүрд тоглож магадгүй жүжигчдийн нэрс хэвлэлээр олонтаа яригдаж байв. Тэдний дунд Жейкоб Элорди, Аарон Тейлор-Жонсон, Каллум Тёрнер нар багтаж байсан аж.
Харин Паттинсон нэр дэвшигчдийн эцсийн шатанд нэлээд хожуу орж ирсэн бололтой. Өмнөх жүжигчдийн нэрс хэдэн сарын турш таамаг болон яригдаж байсан бол Паттинсон болон Николас Холтын нэр ердөө долоо хоногийн өмнөөс олон нийтэд ил болжээ.
Кино урлагийн салбарын хэвлэлүүд тэднийг Жеймс Бондын дүрийн сонгон шалгаруулалтад оролцсон талаар мэдээлсэн байна. Ийнхүү Роберт Паттинсон домогт 007 агентын дүрийг бүтээхээр болж, Жеймс Бондын кино цувралын шинэ үе эхлэх нь ээ.
Эх сурвалж: PEOPLE