"Бодь интернэшнл"-ийн төмөр замын төслийн санхүүжилттэй холбоотой 110 сая ам.долларын асуудал хүрээнээс хэдийнэ халив. Нэг тал нь авлига тараасан гэх ноцтой мэдэгдэл хийж, нөгөө тал нь уг мөнгөний шилжүүлгийг хууль ёсны санхүүжилт байсан гэж тайлбарлаж байна.
Хууль хяналтын байгууллага шалгалтаа үргэлжлүүлж буй ч олон нийтийн тавьж буй гол асуултууд хариултаа хүлээсээр байна. Хэсэг хугацаанд мартагдсан 110 сая ам.долларын асуудал ийн дахин сөхөгдөж, улс төрийн хүрээнийхний төдийгүй олон нийтийн анхаарлыг татаж буй.
Энэ асуудлыг анх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд дэлгэж, "Бодь интернэшнл" компанийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн оффтейк гэрээ, санхүүжилтийн хүрээнд 110 сая ам.доллар бэлнээр гарган улс төрийн нөлөө бүхий хүмүүст тараасан байж болзошгүй тухай мэдэгдсэн.
Тэрбээр 2026 оны гуравдугаар сарын 23-нд Авлигатай тэмцэх газарт хандаж, нийт 894 хуудас материалыг дөрвөн бүлэгт хуваан өгсөн тухайгаа мэдээлсэн. Үүнд "Бодь интернэшнл"-ийн оффтейк гэрээ, нүүрсний сонсгол, Б.Энхбаяртай холбоотой авлигын асуудал болон бусад баримтыг багтаасан талаар тайлбарлаж байв.
Тухайн үед энэ мэдээлэл улс төрийн хүрээнд хүчтэй шуугиан тарьсан ч удалгүй бусад дуулиан, улс төрийн маргаанд дарагдсан. Гэвч энэ удаа асуудлыг дахин сөхсөн хүн нь нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар байлаа.
Х.Нямбаатарын мэдэгдэл: 110 сая ам.доллар хэнд очсон бэ?
2026 оны арваннэгдүгээр сарын 14-нд Х.Нямбаатар "Дэглэмийн эсрэг: Бодь 110 сая ам.доллар" нэртэй шууд дамжуулалт хийж, уг хэрэгтэй холбоотой гэж үзсэн мэдээллүүдээ олон нийтэд танилцуулсан.
Түүний ярьснаар, "Бодь интернэшнл"-ийн төмөр замын төслийн хүрээнд их хэмжээний мөнгө улс төрийн нөлөө бүхий хүмүүст хуваарилагдсан бөгөөд түүнээс хүртэгсдийн дунд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар болон бусад хүмүүсийн нэр, мөнгөн дүн дурдагдав.
Тэрбээр У.Хүрэлсүх 25 сая, Я.Содбаатар 22 сая, Б.Ганхуяг 15 сая, Н.Удаанжаргал 15 сая, Б.Энхбаяр болон Д.Мөнх-Эрдэнэ нар нийт 10 орчим сая ам.доллар "хүртсэн" гэх мэдээллийг А.Амундрагийн ярьсан зүйлтэй холбон ярьсан.
Х.Нямбаатар өөрөө уг хэрэгт хамтран оролцсоноо хүлээн зөвшөөрч, гэрчээр мэдүүлэг өгөхөд бэлэн байгаагаа ч мэдэгдэв. Түүний мэдэгдлээс анхаарал татаж буй нэг зүйл бий. Хэрэв нийт 110 сая ам.долларын тухай ярьж буй бол мөнгөний зарцуулалт, хүлээн авагчид, гүйлгээний дараагийн шат бүрийг баримтаар тогтоох шаардлага гарч ирнэ.
А.Амундрагийн мэдэгдэл ба мөнгөний гүйлгээний баримт
Энэ асуудлын бас нэг чухал хүн бол "Бодь интернэшнл" компанийн гүйцэтгэх захирал асан А.Амундра юм. Тэрбээр өмнө нь төмөр замын төслийн санхүүжилт, гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгч байсан бөгөөд 2026 оны дөрөвдүгээр сарын эхээр олон нийтийн сүлжээнд гэрэл зураг, тайлбарууд нийтэлсэн.
Тухайлбал, 2019 оны есдүгээр сарын 22-ны өдрийн уулзалттай холбоотой зураг болон мөнгө хийсэн цүнхний зураг нийтэлж, тухайн үеийн санхүүжилт, гэрээний үйл явцтай холбоотой асуулт тавьсан.
Мөн 2019 оны арваннэгдүгээр сарын 13-нд "Тавантолгой төмөр зам"-аас "Бодь интернэшнл" рүү 286 тэрбум 318 сая төгрөг шилжсэн гэх гүйлгээний баримт дэлгэсэн байдаг.
АТГ: 110 сая ам.долларыг бэлнээр тараасан баримт тогтоогдоогүй
2026 оны арваннэгдүгээр сарын 9-нд АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгээс мэдээлэл хийхдээ У.Хүрэлсүхийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт хийсэн шалгалтын дүн болон "Бодь интернэшнл"-тэй холбоотой 110 сая ам.долларын асуудлаар тайлбар өгсөн.
АТГ-ын мэдээлснээр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сүүлийн таван жилийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгахад мэдүүлэгтэй холбоотой зөрчил илрээгүй байна.
Харин 110 сая ам.долларын асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй бөгөөд "Бодь интернэшнл"-ийн 2020-2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлангуудыг гаргуулан авч, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй талаар мэдээлсэн.
АТГ-ын мөрдөн шалгах албаны төлөөлөгч "Одоогоор 110 сая ам.долларыг бэлнээр гарган тараасан гэх баримт тогтоогдоогүй, урьдчилгаа төлбөрт 286 тэрбум төгрөг шилжүүлсэн гүйлгээ бүртгэгдсэн" гэж тайлбарласан нь бий.
Б.Энхбаярын тайлбар ба 110 сая ам.долларын санхүүжилтийг хэн шийдвэрлэсэн бэ?
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр арваннэгдүгээр сарын 12-нд уг асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр 2019 оны есдүгээр сарын 9-ний өдөр "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн 47 дугаар тогтоолоор Тавантолгой төмөр зам компанид 110 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг шилжүүлэх шийдвэр гарсан талаар тайлбарласан байдаг.
Мөн тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байсан бөгөөд уг санхүүжилттэй холбоотой шийдвэр, тушаалд түүний оролцоо байсныг дурдан, 110 сая ам.долларын санхүүжилтийг өөрт нь хамаатуулж буй нь үндэслэлгүй гэж няцаажээ.
Б.Энхбаярын байр суурь энэ мөнгөний шилжүүлгийг авлига гэж үзэхээс өмнө анхны шийдвэр, санхүүжилтийн зориулалт, эрх бүхий байгууллагуудын оролцоог шалгах ёстой гэсэн агуулгатай байна. Ингэснээр асуудал зөвхөн хэн мөнгө авсан гэх маргаанаар хязгаарлагдахгүй болж байна.
Харин анхны шийдвэрийг хэн гаргасан, тухайн үеийн төрийн байгууллагууд ямар үндэслэлээр санхүүжилтийг зөвшөөрсөн, гэрээний нийт өртөг хэрхэн өөрчлөгдсөн зэрэг асуудлыг бүхэлд нь сөхөх шаардлага үүсэж буй юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн байр суурь яагаад чухал вэ?
Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ хэрэгт нэр холбогдсон нь олон нийтийн анхаарлыг эрхгүй татаж буй юм. Учир нь, Х.Нямбаатарын мэдэгдэлд Ерөнхийлөгчид 25 сая ам.доллар өгсөн гэх мэдээлэл дурдагдсан.
АТГ-аас Ерөнхийлөгчийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт зөрчил илрээгүй гэж мэдээлэх нь мэдээж тодорхой. Гэхдээ хөрөнгө, орлогын мэдүүлгийн шалгалт болон 110 сая ам.долларын хэрэгт оролцож, мөнгө хүлээн авсан эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа нь өөр өөр асуудал юм.
Иймээс олон нийтийн хүлээж буй зүйл бол зөвхөн хөрөнгө, орлогын мэдүүлгийн шалгалтын дүн бус, нэр холбогдсон асуудалд Ерөнхийлөгчийн өөрийнх нь өгч буй тодорхой тайлбар юм.
Ерөнхийлөгчийн институцийн хувьд ч ийм хэмжээний асуудалд олон нийтэд ойлгомжтой, баримтад тулгуурласан мэдээлэл өгөх нь итгэлцлийг бэхжүүлэх ач холбогдолтой.
Мөн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын нэр энэ асуудалд дурдагдсан учраас түүний илэрхийлэх байр суурь ч олон нийтийн анхаарал татаж буй юм.
Төмөр замын төсөл өөрөө ямар асуудал дагуулж байна вэ?
110 сая ам.долларын маргааныг зөвхөн авлига өгсөн, авлига авсан гэх асуудлаар хязгаарлаж болохгүй. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Монгол Улсын экспорт, нүүрсний тээвэр, эдийн засгийн өрсөлдөх чадвартай шууд холбоотой стратегийн ач холбогдолтой төсөл.
Тиймээс уг төслийн нийт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, гүйцэтгэгчийг сонгосон үндэслэл, гэрээний нөхцөл, бодит гүйцэтгэл, аудитын дүгнэлт зэрэг бүх мэдээлэл олон нийтийн хяналтад байх ёстой.
Х.Нямбаатарын мэдэгдэлд дурдсан төслийн өртөг болон аудитын үнэлгээний зөрүүтэй холбоотой мэдээлэл ч тусдаа шалгах шаардлагатай асуудал юм. Эдгээр тоо баримтыг аудитын анхдагч тайлантай тулгаж байж бодитой дүгнэлт хийх боломжтой билээ.
Өөрөөр хэлбэл, 110 сая ам.долларын асуудал үнэн эсэхээс үл хамааран улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтын санхүүжилт хэрхэн шийдэгдсэн, төрийн хяналт хэрхэн хэрэгжсэн зэргийг нээлттэй болгох шаардлага хэвээр байна.
Улс төрийн маргаан биш, бодит хариулт хэрэгтэй
Энэ асуудал дахин сөхөгдөхөд улс төрчид талцаж, өөр өөрсдийн байр сууринаас тайлбар хийж, нэр холбогдсон хүмүүс бие биеэ буруутгаж эхлэв. Нэг тал нь авлигын томоохон схем байсан гэж мэдэгдэж буй бол нөгөө тал нь хууль ёсны санхүүжилтийн шийдвэрийг улс төрийн зорилгоор мушгин тайлбарлаж байна гэж няцааж байгаа юм.
Харин хууль хяналтын байгууллага шалгалт үргэлжилж, одоогоор бэлэн мөнгө тараасан баримт тогтоогдоогүй гэж мэдээлээд буй.
Хэрэв 110 сая ам.долларын тодорхой хэсгийг хууль бусаар зарцуулсан бол хэн, ямар замаар, ямар үндэслэлээр авсныг тогтоох ёстой. Харин энэ мөнгө бүхэлдээ хууль ёсны санхүүжилт байсан бол түүнийг нотлох баримт, гэрээ, гүйлгээ, аудитын дүгнэлтийг олон нийтэд ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй юм.
Түүнчлэн дараах асуултууд хариултаа хүлээж байна.
- 110 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийг анх ямар үндэслэлээр шийдвэрлэсэн бэ?
- Төслийн санхүүжилтийн мөнгө цааш ямар дансаар дамжиж, хэрхэн зарцуулагдсан бэ?
- А.Амундрагийн дэлгэсэн гүйлгээний баримт, гэрэл зургууд мөрдөн шалгах ажиллагаанд ямар ач холбогдолтой вэ?
- Х.Нямбаатарын дурдсан нэрс, мөнгөн дүнг батлах эсвэл няцаах ямар нотлох баримт байна вэ?
- Тухайн үеийн төрийн удирдлагууд болон төслийн шийдвэр гаргахад оролцсон хүмүүсийн хариуцлагыг хэрхэн тогтоох вэ?
- Үндэсний хэмжээний стратегийн төслийн гэрээ, санхүүжилттэй холбоотой ямар мэдээлэл нууцын зэрэглэлд орсон, түүний үндэслэл юу байсан бэ?
Эдгээр асуултад хариулт өгөх нь аль нэг улс төрийн хүчний эрх ашигт бус, Монголын төрд итгэх олон нийтийн итгэлд хэрэгтэй юм.
Дуугүй байснаар асуудлыг шийдэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн институц бол улс төрийн нам, бизнесийн бүлэглэлээс ангид, нийт ард түмний итгэлийг илэрхийлэх ёстой төрийн дээд байгууллага. Тиймээс Ерөнхийлөгчийн нэртэй холбоотой ийм ноцтой мэдээлэл гарсан үед зөвхөн хэвлэлийн албаны товч мэдэгдлээр хязгаарлах бус, олон нийтийн асуултад Төрийн тэргүүн өөрөө бодитой хариулт өгөх нь хамгаас чухал.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувьд өөрийн нэр холбогдсон асуудлыг тайлбарлах боломж нээлттэй. Ялангуяа Х.Нямбаатарын "25 сая ам.доллар авсан" гэх мэдэгдэлд өөрийн байр суурийг илэрхийлэх нь олон нийтийн эргэлзээг арилгахад чухал.
Мөн Я.Содбаатар болон бусад нэр дурдагдсан хүмүүс ч өөрсдийн байр сууриа баримтаар тайлбарлах шаардлагатай. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үеийг авч үзвэл, тэд өөрсдийн хүрээллийн сэтгүүлчидтэй ярилцаж, улс төрийн маргаантай асуудлаар байр сууриа илэрхийлдэг байсан жишээ бий.
Мэдээж энэ нь бүх асуудалд хангалттай хариулт өгсөн гэсэн үг биш. Гэхдээ төрийн өндөр албан тушаал хашиж буй хүн олон нийтийн өмнө тайлбар өгөх соёлыг төлөвшүүлэх нь ардчилсан нийгэмд чухал.
Өнөөдөр Монголын нийгэмд улс төрчдийн бие биеэ буруутгасан мэдэгдэл хангалттай байна. Харин бодит баримт дэлгэж, хариуцлага тооцсон, эцсийн шийдвэр тодорхойгүй хэвээр байна.
110 сая ам.долларын асуудал ч мөн адил улс төрийн нэг удаагийн дуулиан болоод өнгөрөх ёсгүй. Хэн нь үнэн, хэн нь худал ярьсныг сошиал сүлжээ, улс төрийн мэдэгдэл бус, хууль ёсны нотлох баримт тогтоох учиртай.
Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хувьд олон нийтийн асуултад хариулах нь сонголт төдий зүйл биш, харин хариуцлагын нэг хэсэг юм.
С.МАНДАХ