Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Олон улсын үндэсний соёлын наадмыг Монгол, Орос хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой болон Монгол Улс дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК) байгуулагдсаны 50 жилийн ойд зориулжээ.
Энэ талаар Монгол дахь Оросын элэг нэгтнүүдийн байгууллагуудын Зохицуулах зөвлөлөөс ТАСС агентлагийн сурвалжлагчид мэдээлсэн байна.
Монгол дахь Оросын элэг нэгтнүүдийн байгууллагуудын Зохицуулах зөвлөлөөс мэдээлэхдээ "Манай олон улсын үндэсний соёлын 'Найрамдлын солонго' (Калейдоскоп дружбы) наадам анх 2018 онд Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байсан.
Энэ жил тус төв байгуулагдсаны 50 жилийн ой, манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан 11 дэх удаагийн наадмыг зохион байгууллаа.
Наадмын тайзнаа хүүхэд багачуудын сайн мэдэх алдартай дуунууд эгшиглэж, Оросын 'Коробейники', 'Матрешечки' бүжгүүд Монголын үндэсний ардын бүжгүүдтэй зэрэгцэн толилуулагдсан. Гала тоглолтод оролцсон бүх уран бүтээлчдэд шагналт оролцогчийн диплом гардуулсан" гэжээ.
МОНГОЛ, ОРОСЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦАА 105 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ
ОХУ-ын Зөвлөлт Холбоот Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын (РСФСР) Засгийн газар болон Монгол Ардын Засгийн газар 1921 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Москва хотноо найрсаг харилцаа тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан түүхтэй.
Өнгөрсөн 105 жилийн хугацаанд хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 150 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулжээ. Тэдгээрийн дотор 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр болсон, хугацаагүй үйлчлэх Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ багтаж байна.
ОРОСЫН ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН ТӨВИЙН 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Ази, Номхон далайн бүс нутаг дахь Оросын хамгийн том соёлын төвүүдийн нэг болох Зөвлөлтийн шинжлэх ухаан, соёлын ордон 1976 онд Улаанбаатар хотод нээгдэж байжээ.
Өдгөө ОХУ-ын Холбооны агентлаг болох Россотрудничествогийн төлөөлөгчийн газрын чиг үүргийг хэрэгжүүлдэг Оросын шинжлэх ухаан, соёлын төв нь жил бүр Монгол, Оросын найрамдлын өдрүүдийг зохион байгуулдаг байна.
Мөн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Монголын залуусыг Оросын их, дээд сургуулиудад магистр, резидентур болон аспирантурын түвшинд үнэ төлбөргүй суралцуулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг аж.
ОХУ-ын Засгийн газраас жил бүр Монгол Улсын оюутнуудад зориулан нийт 620 сургалтын тэтгэлэгт байр хуваарилдаг байна.
Эх сурвалж: ТАСС