Хятадын зүүн нутгийн нэгэн иргэн “Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал, урамшууллын хүрээнд зохион байгуулсан тусгай дуудлага худалдаагаар Хармөрөн мужид байрлах хоёр өрөө орон сууцыг ердөө 11 юань буюу 5700 орчим төгрөгөөр худалдан авсан тухай South China Morning Post сонин мэдээлжээ.

Дуудлага худалдаанд оруулсан уг орон сууц нь орон сууцны барилгын долдугаар давхарт байрладаг, 68 ам метр талбайтай хоёр өрөө байр аж. Үл хөдлөх хөрөнгийг Alibaba Auction цахим платформоор дамжуулан худалдсан байна.

Дуудлага худалдааны анхны үнийг ердөө нэг юаниар тогтоож, үнийн санал нэмэх доод хэмжээг 0.01 юань байхаар заажээ. Харин худалдан авах үнийн дээд хязгаарыг 11 юаниар тогтоосон байна. Платформын мэдээлснээр, энэхүү онцгой хямдралтай дуудлага худалдаанд 1600 гаруй хүн оролцжээ.

Хятадын зүүн нутгийн Жянсу-Жэжян мужаас оролцсон, нэрээ нууцалсан нэгэн иргэн хамгийн өндөр буюу 11 юанийн үнийн санал анхлан өгснөөр дуудлага худалдааны ялагч болсон байна. Тэрбээр орон сууцны төлбөр болон холбогдох шимтгэлийг бүрэн төлжээ.

Гэхдээ худалдан авагч дуудлага худалдааны шууд дамжуулалтын үеэр уг байранд байнга амьдрах, эсвэл Хармөрөн муж руу нүүн суурьших төлөвлөгөөгүй байгаагаа илэрхийлсэн байна. Харин өвлийн аяллаар тус мужид ирэх үедээ амарч тухлах зориулалтаар ашиглах бодолтой байгаагаа хэлжээ.

Гэсэн хэдий ч орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр албан ёсоор бүртгүүлэхийн тулд үл хөдлөх хөрөнгө шилжүүлсний татварт нэмж 2000 орчим юань төлөх шаардлагатай аж.

Орон нутгийн орон сууцны худалдааны платформуудын үнэлгээгээр, уг байрны зах зээлийн үнэ ойролцоогоор 40 мянган юаньд хүрч байгаа гэнэ. Харин зах зээлийн үнэлгээ болон худалдан авагчийн төлсөн 11 юанийн зөрүүг дуудлага худалдааг зохион байгуулсан платформ өөрөө нөхөн төлсөн байна.

Гэхдээ ийм хэт хямд үнээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь тодорхой хэмжээний эрсдэл дагуулж болзошгүйг хуульчид анхааруулжээ.

Тухайлбал, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд хүндрэл үүсэх, тухайн орон сууцны татвар, ашиглалтын болон бусад төлбөрийн өр төлбөр хуримтлагдсан байх, цаашлаад өмчлөлтэй холбоотой маргаан гарвал шүүхийн зардал төлөх шаардлага үүсэж болзошгүй аж.

Ийнхүү ердөө 11 юаниар орон сууц худалдан авсан нь олны анхаарлыг татсан ч жинхэнэ өмчлөгч болохын тулд худалдан авагч нэмэлт зардал гаргах шаардлагатай болжээ.

Эх сурвалж: KAZINFORM, SOUTH CHINA MORNING POST