УИХ-ын гишүүн П.Батчимэг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, гэр хорооллын иргэдийн амьдрал, шатахууны хангамж болон 2027 оны төсвийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр Засгийн газрыг үнийн өсөлтийг анхааралгүй орхиж, иргэдийн амьжиргааг хамгаалах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байгааг шүүмжилсэн юм.
Түүний хэлснээр, ирэх оны төсвийн хэлэлцүүлэг маргаантай үргэлжилж, алдагдалтай төсөв батлах нөхцөл байдал үүссэн байна. Үүний зэрэгцээ иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон будаа, гурил, сүү, мах зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, дулаан, цахилгааны үнийн өсөлт ч өрхийн амьдралд бодитоор мэдрэгдэж эхэлжээ.
П.Батчимэг “Бараа бүтээгдэхүүний үнийг төр засаг анхнаасаа бариагүй, анхаарал ч хандуулаагүй. Худалдаачдыг би буруутгахгүй. Хавраас хойш цалин, тэтгэвэр нэмнэ гэж хэдэн сарын турш ярьсан энэ хугацаанд юмны үнэ нүдэн дээр нэмэгдчихлээ” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Инфляц 13.4 хувьд хүрч, хүнсний үнийн өсөлт өрхүүдэд дарамт болж байна
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2026 оны аравдугаар сард улсын хэмжээнд инфляц өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна. Харин Улаанбаатар хотод инфляц 12.1 хувьтай гарчээ.
Үнийн өсөлтийг бүтцээр нь авч үзвэл, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 19.8 хувиар нэмэгдсэн бол мах, махан бүтээгдэхүүний үнэ 44.4 хувиар өссөн байна. Тухайлбал, үхрийн мах 46.2 хувь, хонь, ямааны мах 55.2 хувиар тус тус нэмэгджээ. Энэ нь хүнсний зардал өрхийн төсөвт ямар их дарамт учруулж буйг харуулж байна.
П.Батчимэг гишүүний хувьд үнийн өсөлт зөвхөн дэлгүүрийн лангуу дээрх бараагаар хязгаарлагдахгүй, гэр хорооллын иргэдийн өдөр тутмын амьдралд илүү хүндээр тусаж байгааг онцолсон юм. Тэрбээр “Гэр хороололд ардууд бүр үнэхээр өрөвдмөөр байна. Юу идэж хонодог нь ойлгомжгүй. Гадаанаа түлш байхгүй. Яаж хоног өнгөрөөж байна. Улстөрчид яваад хар л даа” хэмээн хэлэв.
Мөн өөрөө Өлзийт хорооллын малчин өрхүүдээр очиж, амьдрал ахуйтай нь танилцдагаа дурдаад, иргэд мах худалдан авах нь бүү хэл толгой шийр, таван цул, гэдэс дотор авахад ч хүндрэлтэй болсон талаар ярилаа.
Шатахууны асуудлыг иргэд өөрсдөө шийдэх ёсгүй
Гишүүн өвлийн улирал эхэлж, дулаан, цахилгааны хэрэглээ нэмэгдэж буй энэ үед түлш, шатахууны хангамжийн асуудал ч иргэдийн санааг зовоож байгааг онцлов.
Түүний хэлснээр, шатахуун түгээх станцуудын дараалал, хүлээгдэл хэвээр үргэлжилж буй бөгөөд шатахууны хангамжийг тогтвортой байлгах, үүссэн асуудлыг шийдвэрлэх нь салбарын яам, холбогдох байгууллагуудын хийх ажил.
Гэтэл шатахууны асуудлыг шийдэхийн тулд иргэд өөрсдөө хөрөнгө мөнгө босгож, “Ард түмний колонк” байгуулах талаар ярьж эхэлснийг тэрбээр дурдав.
П.Батчимэг “Шатахуун, түлшний оочер хэвээрээ байна. Ард түмэн сүүлдээ мөнгө босгоод, ард түмний колонк хийх юм ярьж байна. Тэднийг буруутгаад яах юм бэ. Арга ядсан хүмүүс янз бүрийн арга ухаан хайж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Төсвийн алдагдлаас гадна иргэдийн амьжиргааг анхаарах шаардлагатай гэв
Нөгөө талаар УИХ-аар хэлэлцэж буй 2027 оны төсвийн төсөлд хэд хэдэн шатны хэлэлцүүлгийн явцад өөрчлөлт орсон. Анх улсын төсвийн төслийг 3.99 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөж байсан.
Дөрөв дэх хэлэлцүүлгийн дараах нэгдсэн төсвийн тооцоогоор, алдагдлыг 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэхээр тооцжээ.
П.Батчимэгийн байр сууринаас үзвэл, төсвийн хэлэлцүүлэг зөвхөн орлого, зарлага, алдагдлын тоон үзүүлэлтээр хязгаарлагдах ёсгүй. Харин иргэдийн худалдан авах чадвар, хүнсний бүтээгдэхүүний үнэ, түлш шатахууны хүртээмж, гэр хорооллын өрхүүдийн бодит амьдралд чиглэсэн шийдэл чухал байна.
Тэрбээр Засгийн газрыг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хяналтгүй орхих бус, үнийг тогтворжуулах бодлого, тодорхой хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатайг санууллаа.
Тэрбээр “Ард түмэн уурлаж бухимдахаас өөр юмгүй болоод сууж байна. Засгийн газар үнэ барих бодлого, хөтөлбөр гаргах ёстой. Тэгэхгүй бол энэ цаашаагаа яваад л байна” хэмээн хэлэв.
С.МАНДАХ