УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 17 гишүүн санаачлан өргөн мэдүүлжээ.

Хуулийн төслийн зорилго нь тариаланчид хохирол амссаны дараа төрөөс тусламж, дэмжлэг хүлээдэг бус, эрсдэлээс урьдчилан сэргийлж даатгалд хамрагдан, албан ёсны, нээлттэй мэдээлэлд үндэслэн нөхөн төлбөрийг шуурхай авдаг тогтолцоонд шилжих эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршиж байна.

Энэхүү тогтолцоо бүрдсэнээр тариаланчдын цаг уурын эрсдэлийг даван туулах санхүүгийн чадавх сайжирч, орлогын савлагаа буурах нөхцөл бүрдэх юм. Мөн нөхөн төлбөрийн тогтолцоо илүү шуурхай, ил тод болж, хохирол үнэлэхтэй холбоотой зардал буурна. Даатгалын хамгаалалт сайжирснаар тариалангийн үйлдвэрлэлд банк, санхүүгийн байгууллагын зээл болон хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэх ач холбогдолтой гэж үзэж буй аж.

Нөгөө талаас байгалийн гамшиг, ган, хуурайшлын дараа улсын төсвөөс тухай бүр нөхөн олговор, тусламж гаргах санхүүгийн дарамтыг урт хугацаанд бууруулж, эрсдэлийг тариаланч, даатгагч, давхар даатгал болон төрийн хооронд урьдчилан тодорхойлсон зарчмын дагуу хуваарилах боломж бүрдэх юм байна.

Энэ нь тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн эрх зүйн чухал шинэчлэл болохыг төсөл санаачлагчид онцолж байна.

Хуулийн төсөл нь найман бүлэг, 29 зүйлтэй бөгөөд даатгал сайн дурын үндсэн дээр хэрэгжихээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, хэнийг ч албадан даатгалд хамруулахгүй бөгөөд даатгуулагч, даатгагчийн эрх ашгийг хангах зарчмыг баримтлах юм.

Төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог цахим өргөдлөөр нэмэгдүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нарын 19 гишүүн 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал танилцуулахдаа, дээрх хуулийн 28-31 дүгээр зүйлд иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагад санал гаргаж, түүнийгээ шийдвэрлүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан боловч бодит байдал дээр хэрэгжилт хангалтгүй байгааг дурджээ. Иймд нийтийн өргөдлийг цахимаар санаачлах, хүлээн авах боломжийг бүрдүүлэх зорилгоор хуульд өөрчлөлт оруулах төслийг санаачилсан байна.

УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилготой petition.parliament.mn цахим платформоор дамжуулан иргэд нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Иргэдийн нийтийн хурлын эрхлэх чиг үүргийн хүрээнд хамаарах олон асуудлаар өргөдөл гаргаж байгаа аж.

Тухайлбал, газар олголт, дахин төлөвлөлт, авто замын тохижилт, тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт, такси болон нийтийн тээврийн зохицуулалтын талаарх шийдвэр, хог хаягдлын тариф, орон нутгийн татвар, хураамжийн нэмэгдлийн эсрэг өргөдлүүд олноор гарч байгаа нь орон нутгийн түвшинд цахим өргөдөл хүлээн авах шийдэл шаардлагатай байгааг харуулж байна хэмээн төсөл санаачлагч тайлбарлав.

Мөн хуулийн төсөл боловсруулахдаа одоо хэрэгжиж буй УИХ-ын тухай хуульд тусгасан цахим өргөдлийн зохицуулалтыг жишиг болгон баримталсан байна.

Энэхүү хуулийн төсөл нь нийт хоёр зүйл, 12 заалттай бөгөөд Монгол Улсын бүх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд сонгуулийн эрх бүхий иргэдэд хамаарахаар боловсруулжээ.

Тодруулбал, нийтийн өргөдлийг цахим талбарт 30 хоног байршуулах бөгөөд нийслэл, дүүрэг, хороонд сонгуулийн насны хүн амын гурван хувь, аймаг, сум, багт таван хувиас дээш тооны иргэн гарын үсэг зурсан тохиолдолд тухайн өргөдлийг Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэхээр тусгасан байна.

Иргэдийн гарын үсгийг тоон гарын үсэг болон цахим танилт, нэвтрэлтийн систем буюу E-Mongolia/DAN ашиглан баталгаажуулах юм. Харин хувийн чанартай, шүүхийн шийдвэртэй холбоотой, эсхүл улсын аюулгүй байдал, бусдын эрх ашигт харшилсан өргөдлийг хүлээн авахгүй байхаар зохицуулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар нийтийн өргөдлийг цахим системээр хүлээн авах үлгэрчилсэн журмыг Засгийн газар батлах бөгөөд цахим системийн техникийн шаардлага, тоон гарын үсэг, баталгаажуулалт, хэлэлцэх хугацаа болон ил тод байдлын механизмыг нарийвчлан зохицуулах юм байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг төслийг хэлэлцэхэд олонхын саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзжээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Бүх аймаг, дүүрэгт Иргэний танхим байгуулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг байсан ч одоо энэ ажил зогссон. Санаачилсан хүмүүс нь ажлаа өгөхөөр тогтолцоо нь алга болж, ил тод байдал хумигддаг харамсалтай зүйл байна. Тиймээс үүнийг хүнээс хамаардаггүй, хуулиар зохицуулагдсан тогтолцоо болгох нь ач холбогдолтой гэж үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, санал хураалтыг маргааш буюу 10:00 цагт явуулахаар болж хойшлууллаа.

Улсын нөөцийн удирдлага, хяналт, шуурхай ажиллагааг шинэчлэх хуулийн төсөл өргөн хүрээний өөрчлөлт тусгажээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр танилцуулсан.

Тэрбээр дэлхий дахинд тохиолдож буй гамшиг, аюулт үзэгдэл, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл нь болзошгүй эрсдэлд бэлэн байх, улсын нөөцийн хүрэлцээ, хүртээмжийг хангах шаардлагыг улам нэмэгдүүлж байгааг онцлов. Үүний зэрэгцээ геополитикийн хурцадмал байдал, зэвсэгт мөргөлдөөн, худалдаа, тээврийн хязгаарлалт нь олон улсын нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, хүнс, түлш, эрчим хүч болон бусад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн огцом өсөлт үүсгэх эрсдэлтэй байгааг дурдлаа.

Далайд гарцгүй, импортын хангамж болон хил дамнасан тээврээс ихээхэн хамааралтай Монгол Улсын хувьд дээрх эрсдэлийг стратегийн болон гамшгийн нөөцийн бодлого, төлөвлөлтөд цогцоор нь тусгах шаардлагатай байгааг тэрбээр тэмдэглэв. Иймд нөөц бүрдүүлэх, хадгалах, сэлгэх, хуваарилах үйл ажиллагааг эрсдэлийн үнэлгээ, хэрэгцээний тооцоонд үндэслэн төлөвлөж, нэгдсэн цахим бүртгэл, хяналттай, шуурхай зохицуулалт бүхий тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Энэхүү хэрэгцээ шаардлагад үндэслэн Засгийн газар хуулийн төслийн үзэл баримтлалд дэвшүүлсэн долоон үндсэн зорилтын хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг тусгажээ.

Нэгдүгээрт, орон нутгийн нөөцийн удирдлага, хяналтын тогтолцоог тодорхой болгох зохицуулалтыг тусгасан байна. Өмнө нь гамшиг, онцгой нөхцөлийн үед шаардлагатай тусламжийг шууд улсын нөөцөөс гаргадаг байсан нь орон нутгийн түвшинд нөөц бүрдүүлэх, бие даан ажиллах хөшүүргийг сулруулж иржээ.

Иймд орон нутгийн нөөцийн эрх зүйн тодорхойлолтыг шинэчлэн томьёолж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар өөрийн нутаг дэвсгэрт нөөц бүрдүүлэх, хадгалах, зарцуулах, нөхөн бүрдүүлэх чиг үүрэг, оролцоо, хяналтын механизмыг хуулиар нарийвчлан баталгаажуулахаар тусгасан байна.

Хоёрдугаарт, нөөцийн хэрэгцээг тодорхойлоход мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, стратегийн болон гамшгийн нөөцийн байршил, нэр төрөл, тоо хэмжээг тогтооход эдийн засаг, санхүү, төсвийн бодит тооцоолол дутагдаж байсныг харгалзан цаашид нөөцийн хэрэгцээг төлөвлөхдөө холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран ажиллах, эрсдэлийн удирдлагад суурилсан эрх зүйн үндсийг бий болгох замаар төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг Шадар сайд Н.Номтойбаяр танилцууллаа.

Гуравдугаарт, нөөцийн нэгдсэн мэдээллийн сан, цахим удирдлагыг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд улсын хэмжээнд стратегийн, гамшгийн болон орон нутгийн нөөцийн бараа, материалын мэдээллийг гамшгийн мэдээллийн санд нэгтгэж, төрийн болон албаны нууцын хамгаалалттай уялдуулах замаар нөөцийн аюулгүй байдал, ил тод байдлыг хангах нь зүйтэй гэж үзсэн байна. Ингэснээр улсын нөөцийн чанар, хүрэлцээнд бодит цагийн горимд хяналт тавих боломж бүрдэх аж.

Дөрөвдүгээрт, агуулахын дэд бүтэц, санхүүжилтийн механизмыг шинэчлэх зохицуулалтыг тусгажээ. Насжилт нь нэмэгдэж, хадгалалтын горим алдагдах эрсдэл үүсээд буй нөөцийн агуулахуудын дэд бүтцийг сайжруулах зорилгоор шинээр барих, өргөтгөх, засвар үйлчилгээ хийх зардлыг улсын төсвөөс гадна төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр болсон байна.

Түүнчлэн агуулахын ашиглагдаагүй сул багтаамжийг түрээслэх замаар орлого бүрдүүлж, дэд бүтцээ зах зээлийн зарчмаар хөгжүүлэх боломжийг бий болгохоор тусгажээ.

Тавдугаарт, бараа материалыг сэлгэх үйл ажиллагааг технологижуулахад анхаарсан байна. Өнөөгийн практикт нөөцийн барааг сэлгэх үйл ажиллагааг зөвхөн механик байдлаар “байршил солих, зөөх” төдийхнөөр хязгаарладаг байсныг өөрчилж, хадгалалтын чанар, стандартыг алдагдуулахгүйгээр технологийн горимын дагуу сэлгэх, шинэчлэх зохицуулалтыг тусгасан гэв.

Зургадугаарт, гамшгийн үеийн шийдвэр гаргах ажиллагааг шуурхай болгох зорилт дэвшүүлжээ. Гамшиг, ослын онцгой нөхцөл байдал болон голомтын бүсэд нэн шаардлагатай нөөцийн бараа, материалыг гаргахад цаг хугацаа алддаг хүндрэлийг арилгахын тулд Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр нөөцийг шуурхай гаргах эрх зүйн механизмыг бүрдүүлэхээр тусгасан байна. Ингэснээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах хариу арга хэмжээг цаг алдалгүй авч, гамшгийн нөхцөл байдлыг хохирол багатай даван туулах боломж бүрдэх юм.

Долдугаарт, хууль тогтоомжийн нийцэл, хэл зүйн найруулгыг сайжруулах хүрээнд Гамшгаас хамгаалах тухай, Төсвийн тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжтой уялдуулан нийцүүлэхээр болжээ. Мөн хэл зүй, найруулгын хувьд ойлгомжгүй, зөрчилтэй заалтуудыг цэгцэлж, эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зохицуулалтыг тусгасан байна.

Энэхүү хуулийн төсөл нь одоогийн үйлчилж буй хуулийн хийдлийг нөхөж, төрийн болон орон нутгийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн бодит бөгөөд хэрэгжихүйц суурь өөрчлөлтүүдийг агуулж байгааг Монгол Улсын Шадар сайд онцоллоо.

Түүнчлэн Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар улсын нөөцийн бэлэн байдал, шуурхай ажиллагаа, хариуцлагын тогтолцоог шинэ шатанд гаргах өндөр үр нөлөө, ач холбогдолтой болохыг тодотгосон юм. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу төрийн нууцын зохицуулалтыг ашиглан худалдан авах ажиллагаанд зөрчил гаргах эрсдэл байгаа эсэх, мөн нөөцийн агуулахыг шууд гэрээ байгуулах замаар барих эсэх талаар Шадар сайдаас тодруулсан юм.

Тэрбээр “Төрийн нууц гэж авч байгаад монголчуудынхаа нүдэн дээр хулгай хийсэн хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байна. Жишээлбэл, 2023 онд 30 настай автобусыг шинэ гээд төрийн сайд, хотын даргатайгаа нийлж залилан хийж байгаад баригдсан. Энэ залиланг төрийн нууцад оруулж байгаад шууд гэрээ байгуулж хийсэн.

Сая хэллээ, том том төсөл хэрэгжих гэж байгаа гэлээ. Нөөцийн агуулахыг шууд гэрээ байгуулж хийх юм байна гэж ойлголоо, зөв үү. Таны хэлж байгаагаар ямар томоохон төслүүд хэрэгжих гэж байгаа юм бэ?” хэмээн асуув.

Үүнд Шадар сайд Н.Номтойбаяр хариулахдаа “Улсын нөөцөд байдаг зарим техник, тоног төхөөрөмж энгийн барилгын зориулалттай тул нууцлаад байх шаардлагагүй санагддаг. Худалдан авах ажиллагаа ном журмаараа явж байгаа. Төмөр замын гэрээ, ногоон автобусны хэрэг гэж зүйрлэж яриад байна. Хуулийнхаа нэр томьёололд заасны дагуу шаардлагатай нөөц бүрдүүлэх асуудал явна.

Сүүлийн 15 жил нефтийн нөөц бүрдүүлэх сав барих гээд оролдсон юм билээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг удирдлага болгоод хувийн хэвшилтэй хамтраад барьчихъя гэдэг гаргалгаа байгаа. Хүнийг цочоогоод байх том төсөл, хөтөлбөр байхгүй. Нефтийн бүтээгдэхүүний агуулах савтай л холбоотой юм” гэв.

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа эсэх асуудлаар санал хураах ёстой байсан боловч гишүүдийн ирц хангалтгүйгээс маргааш болгон хойшлууллаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, хууль бус хөрөнгийг хураах асуудлыг хөндлөө

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдааныг 14:00 цагт зарласан бөгөөд гишүүдийн ирц бүрдсэнээр хуралдаан эхэлсэн юм.

Хуралдааны эхэнд хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хөрөнгийг хурааж, 100 сая төгрөгөөс дээш хэмжээний хууль бус хөрөнгө илэрсэн тохиолдолд бүх насаар нь хорих ял оноох агуулгатай нийтийн өргөдлийн асуудлыг хөндлөө. Иргэн Б.Болдбаатарын санаачилсан уг өргөдлийг дэмжиж гарын үсэг зурсан иргэдийн тоо 100 мянга давсан тул УИХ-ын дарга С.Бямбацогт өргөдлийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлж байгаагаа мэдэгдэв.

Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт “Хууль бус хөрөнгийг хураах асуудлыг иргэд их ярьж байгаа. Иргэдийн санал бол зүй ёсны шаардлага. Хэн ч хууль бусаар хөрөнгөжиж болохгүй. Хууль бусаар хөрөнгөжсөн бол хөрөнгийг нь хураах ёстой.

Засгийн газраас энэхүү хуулийн төслийг 2025 оны зургаадугаар сард өргөн барьсан ч буцаагаад татаж авсан. Есдүгээр сарын 1-ний дотор сайжруулаад өргөн барихаа мэдэгдсэн ч одоог хүртэл мэдүүлээгүй. Засгийн газар энэ хуулийг яаралтай өргөн барих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нараас мөн хууль бус хөрөнгийг хураах төслийг хэлэлцье гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ хуулиа мөн УИХ-д өргөн мэдүүлье. Засгийн газар хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслөө өргөн барихгүй бол УИХ-ын гишүүд өргөн барих хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн УИХ-ын чуулганы тухайн өдрийн нэгдсэн хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд, Засгийн газраас 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг 90 минутын асуулт, хариултын хугацаатайгаар хэлэлцэхээр товложээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нарын 19 гишүүн 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг 60 минутын хугацаанд хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Үүний дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 18 гишүүн 2026 оны аравдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 90 минутын хугацаанд хэлэлцэхээр товложээ.

Харин дөрөв дэх асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Э.ЦЭЦЭН