Ардчилсан нам дотоод зөрчлөө эцэслэж, нэгдэж нягтрах цаг үедээ дахин нэг маргаанд ээрэгдэв. Энэ удаа тус намын Хяналтын ерөнхий хороо намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан нь улс төрийн хүрээнд багагүй шуугиан дэгдээгээд буй.
2026 оны арваннэгдүгээр сарын 6-ны орой АН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, 15 гишүүний 13 нь оролцсоноос бүгд С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжсэн талаар мэдэгдсэн. Тус хорооноос намын дотоод сонгуулийн маргаан, гаргасан шаардлагыг биелүүлээгүй зэрэг үндэслэл дурджээ.
Энэ шийдвэрийн цаг хугацаа, арга хэлбэр олны анхаарлыг татав. Учир нь С.Баярцогт тухайн үед БНСУ-ын Сөүл хотод болсон Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын арга хэмжээнд оролцож байжээ. Түүнийг эзгүйд шөнийн цагаар намын байрны гадна мэдээлэл хийж, улс төрийн томоохон шийдвэр зарласан нь АН-ын дотоод зөрчлийг дахин ил гаргав.
Ардчилан намын Хяналтын ерөнхий хороог З.Энхболд даргалдаг. Түүний хувьд АН-ын удирдах түвшинд олон жил ажилласан, намын дотоод улс төрд нөлөө бүхий байр суурьтай. Харин С.Баярцогттой өмнө нь улс төрийн зөрчил, санал зөрөлдөөн гарч байсан нь хэвлэлүүдийн хуудаст цөөнгүй бий.
Тухайлбал, 2015 оны Тавантолгойн төслийн асуудал болон 2016 оны сонгуулийн үеэр тэдний харилцаа хурцадсан тухай улс төрийн хүрээнд яригдаж байв. З.Энхболд тэргүүтэй Хяналтын ерөнхий хорооны энэ удаагийн шийдвэрийг зөвхөн дүрмийн хэрэгжилтийн асуудал уу, эсвэл нам доторх улс төрийн нөлөөллийн тэмцлийн нэг хэсэг үү гэдэг асуулт дагуулж буй юм.
Дээрх асуудлын хамгийн чухал хэсэг нь АН-ын Үндсэн дүрмийн зохицуулалтад бий аж. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг дүрмийн бус, Үндэсний бодлогын хорооны бүрэн эрхэд халдсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Мөн Хяналтын ерөнхий хорооны гишүүн Д.Цэндсүрэн ч уг шийдвэрийг эсэргүүцэж, холбогдох асуудлыг намын дүрмийн дагуу шийдвэрлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.
Зарим эх сурвалж Ардчилсан намын "өвөө" нар өөр хоорондын тэмцлээ урд хождын өс хонзонгоо тайлах хэрэгсэл болгосноор тус намыг муухай харагдуулж, "хагалж бутаргаж" буй талаар өгүүлж буй юм.
Гэвч нөгөө талд АН-ын дүрмийн 95.1.2-т Хяналтын ерөнхий хороо тодорхой нөхцөлд намын Ерөнхий нарийн бичгийн даргыг албан тушаалаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх эрхтэй гэж тайлбарласан мэдээлэл гарсан.
Тус заалтад холбогдох дэд хорооны дүгнэлтэд үндэслэх, 15 гишүүний 12-оос доошгүй санал авах шаардлага тусгагдсан гэжээ. Иймээс энэ маргааныг зөвхөн саналын тоогоор бус, шийдвэр гаргах ажиллагаа дүрэмд нийцсэн эсэхээр нь дүгнэх шаардлагатай.
Түүнчлэн арваннэгдүгээр сарын 14-нд АН-ын Онц их хурал хуралдуулах тухай мэдээлэл гарсан ч намын албан ёсны сувгаар ийм хурлын тов, шийдвэр гараагүй байгаа юм.
Улс төрийн намын дотоод ардчилал гэдэг зөвхөн сонгууль явуулах, удирдлагаа солих тухай асуудал биш. Харин гаргасан шийдвэр нь дүрэмдээ нийцсэн, гишүүдийнхээ итгэлийг хүлээсэн, олон нийтэд тайлбарлах үндэслэлтэй байх ёстой.
Сөрөг хүчний гол үүрэг бол эрх баригчдад хяналт тавих, нийгмийн асуудлаар бодитой байр суурь илэрхийлэх явдал. Гэтэл удирдлагын түвшний зөрчил, фракц хоорондын тэмцэл нь намынхаа үндсэн үүргийг орхигдуулахад хүргэвэл үүний хохирлыг зөвхөн АН бус, улс төрийн тогтолцоо бүхэлдээ амсах билээ.
С.Баярцогтыг чөлөөлөх шийдвэр хууль, дүрмийн хүрээнд хүчин төгөлдөр эсэх, уг шийдвэрийн ард улс төрийн ямар ашиг сонирхол байсан нь тодорхой болох ёстой. Харин хэн нэгний улс төрийн байр суурийг бэхжүүлэхийн төлөө намын эв нэгдлийг золиосолж байгаа бол АН-ын хувьд энэ нь дахин нэг том алдаа болохыг ажиглагчид сануулж буй.
АН-ын дотоод тэмцэлд хэн ялах вэ гэдэг бус, энэ тэмцлийн эцэст нам өөрөө хэрхэн тэсэж үлдэх вэ гэдэг нь өнөөдөр илүү чухал болжээ.
С.МАНДАХ