2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны сунгаа эхлээгүй ч МАН доторх эрх мэдэл, нэр дэвшигчийн төлөөх өрсөлдөөн хэдийнэ ил болж, "хөнжилдөө хөлөө жийлцсээр" байна.
Г.Занданшатарын нэр олон нийтийн судалгаанд дээгүүр бичигдэж байсан бол сүүлийн өдрүүдэд Б.Жавхлангийн нэрийг онцолсон мэдээлэл цацагдах болов. Энэ бүхэн санамсаргүй давхцал уу, эсвэл эрх баригч намын дотоод тохироо юу гэдэг нь сонирхол эрхгүй татаж буй юм.
Эрх баригч МАН-ын хувьд дараагийн Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал намын дотоод хүчний харьцаа, фракцуудын тохироо, өнөөгийн удирдлагын байр суурьтай салшгүй холбогдох нь тодорхой.
Энэ удаагийн өрсөлдөөнд Ерөнхий сайд асан Г.Занданшатар, УИХ-ын дарга С.Бямбацогт, Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд асан Б.Жавхлан зэрэг нэрс яригдсаар ирсэн. МАН-ын эх сурвалжуудын мэдээлснээр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын орнуудад хийсэн айлчлалынхаа үеэр Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Жавхланг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх амбицыг нь дэмжиж буйгаа албан бусаар илэрхийлсэн аж.
Энэ үнэн бол МАН-ын дотоод өрсөлдөөнд анхаарал татахуйц дохио болж буй. Учир нь, У.Хүрэлсүх тодорхой нэр дэвшигчид нааштай хандаж байгаа бол намын дотоод бүлэглэл, нөлөө бүхий улстөрчдийн байр сууринд нөлөөлөх бүрэн боломжтойг ажиглагчид хэлж буй юм.
Г.Занданшатарын хувьд 2027 оны сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн нэгээр нэрлэгдсээр ирсэн. Түүний нэрийг олон нийтийн судалгаанд ч дурдаж байв. Тухайлбал, MEC судалгааны төвийн 2026 оны есдүгээр сарын 4-нөөс 14-ний өдрүүдэд Улаанбаатар болон орон нутгийн сонгуулийн насны 802 иргэнийг хамруулсан судалгаагаар МАН-аас нэр дэвших боломжтой гэж 37 хувь нь дэмжжээ.
Хэдийгээр Г.Занданшатар олон нийтийн судалгаанд өндөр үзүүлэлттэй байсан ч МАН-ын дотоод тохироо, намын удирдлагын сонголт өөр чиглэлд эргэхийг үгүйсгэх аргагүй.
Гэхдээ ажиглагчдын өгүүлж буйгаар, Г.Занданшатарыг тойрон хүрээлэгчид нь "аллаад" байдаг гэдэг. УИХ-ын өнгөрсөн сонгуулиар тойрон хүрээлсэн нөхөд нь "Та хамгийн мундаг нь, ногоон гэрлээр бат" гэж хөөрөгдсөөр байгаад унагасан гэдэг. Түүн шиг үйл явдал Ерөнхийлөгчийн сонгуульд ч давтагдаж болзошгүй аж. Учир нь, Г.Занданшатар өөрөө нэр дэвшиж, Ерөнхийлөгч болох амбиц өндөр байгаа ч намын дэмжлэг маруухан байгаа юм.
МАН-ын дотоодод Б.Жавхланг боломжит “дундын хувилбар” болгон авч үзэж буй гэх. Б.Жавхлангийн нэр яригдах болсон нь улс төрийн хувьд анхаарал татах шалтгаантай. Тэрбээр Сангийн сайдаар ажиллаж байсан, эдийн засаг, төсвийн бодлогын асуудлаар төрийн өндөр түвшинд ажилласан туршлагатай.
Харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших асуудал нь зөвхөн ажлын туршлагаар хэмжигдэхгүй. Намын дотоод дэмжлэг, олон нийтийн танигдалт, улс төрийн эв нэгдэл, Үндсэн хуульд заасан шалгуур зэрэг олон хүчин зүйл нөлөөлөх билээ.
МАН-ын зарим гишүүдийн хэлж буйгаар, дараагийн Ерөнхийлөгчийг хэдийнэ "сонгосон" бөгөөд тэр нь Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй Б.Жавхлан байх магадал маш өндөр байгаа аж.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ намын анхан шатны байгууллага, гишүүд, иргэдийн санал болон судалгаанд тулгуурлан тодруулах зарчмыг танилцуулсан.
2027 оны сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа ирэх дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны хооронд явагдахаар хуульд заасан буй.
2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль МАН-ын хувьд намын дотоод эв нэгдэл, нөлөө бүхий улстөрчдийн харилцаа, өнөөгийн удирдлагын улс төрийн байр суурь, дараагийн сонгуулиудын бэлтгэлтэй холбогдох томоохон сорилт юм.
Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжоо хэт эрт тооцоолсон уу, эсвэл Б.Жавхлангийн нэрийг тодруулсан яриа улс төрийн өрсөлдөөний нэг хэсэг төдий юу гэх асуултуудын хариуг намын дотоод шийдвэр, албан ёсны нэр дэвшүүлэх үйл явц л харуулна. Олон нийт чих тавин хүлээж байна.
С.МАНДАХ