Их Британийн шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч М.Жон Харрисон энэ оны Букерийн шагналын эзнээр тодорчээ. Шүүгчдийн бүрэлдэхүүн түүний хүн төрөлхтний ирээдүйд нүүрлэж болзошгүй сүйрэл, нийгмийн задралын тухай өгүүлсэн “The End of Everything” буюу “Бүх зүйлийн төгсгөл” романыг шилдэг бүтээлээр шалгаруулсан байна.

Өдгөө 81 настай М.Жон Харрисон ийн Букерийн шагнал хүртсэн хамгийн ахмад зохиолч болов. Өмнө нь энэ амжилтыг 2019 онд 79 настайдаа шагнал хүртсэн Канадын зохиолч Маргарет Этвуд эзэмшиж байв. Түүнчлэн Харрисон шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын төрлөөр Букерийн шагнал хүртсэн анхны зохиолч болж буйгаараа онцлогтой.

М.Жон Харрисон 1960-аад оноос эхлэн шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын алдарт “New Worlds” сэтгүүлд бүтээлүүдээ нийтлүүлж, улмаар тус сэтгүүлийн утга зохиолын редактороор ажиллаж байжээ. Тэрбээр өдгөө утга зохиолын ертөнцөд өөрийн өвөрмөц бичлэгийн хэв маяг, гүн гүнзгий сэдэв, шинэлэг өгүүлэмжээрээ танигдсан зохиолч юм.

Харрисон уран бүтээлийн замналынхаа турш нийт 13 роман туурвисан бөгөөд “Viriconium” цуврал, “Light” болон “Nova Swing” романууд нь түүний хамгийн алдартай бүтээлүүдэд тооцогддог. Зохиолч өөрийн бүтээлүүдийг тодорхой нэг төрөл жанрт хамааруулахыг төдийлөн хүсдэггүй ч утга зохиол судлаачид түүнийг шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг хэмээн үнэлдэг.

M. John Harrison poses with the trophy after winning the Booker Prize 2026 for his book "The End of Everything" during a ceremony at Old Billingsgate in London, Tuesday, Nov. 10, 2026.(AP Photo/Kirsty Wigglesworth)

Букерийн шагнал хүртсэн “Бүх зүйлийн төгсгөл” роман нь учир битүүлэг сүйрлийн дараа нийгмийн тогтолцоо нуран унаж, хүн төрөлхтөн оршин тогтнохын төлөө тэмцэж буй ойрын ирээдүйд өрнөдөг.

Зохиолч уг гамшигт хүргэсэн үйл явдлуудыг дэлгэрэнгүй тайлбарлахаас зориуд зайлсхийж, уншигчдыг зохиолын дүрүүдийн нэгэн адил тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдалд аваачдаг байна. Ийнхүү үйл явдлын шалтгааныг шууд ил гаргахгүй байх арга барил нь зохиолын нууцлаг уур амьсгалыг улам бүр гүнзгийрүүлж, уншигчдад өөрийнхөөрөө эргэцүүлэн бодох боломж олгодог ажээ.

Букерийн шагналыг 1968 онд үүсгэн байгуулж, анх 1969 онд гардуулж байжээ. 2013 он хүртэл уг шагналыг Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн орнууд, Ирланд болон Зимбабвед харьяалагддаг зохиолчдод олгодог байсан бол дүрэмд өөрчлөлт оруулснаар Их Британид хэвлэгдсэн, англи хэлээр бичсэн бүтээлээрээ дэлхийн бусад орны зохиолчид өрсөлдөх боломжтой болсон юм.

Өнгөрсөн 2025 оны Букерийн шагналыг Унгар-Их Британийн зохиолч Дэвид Салэй “Flesh” романаараа хүртсэн билээ. Харин энэ жилийн шагналын эзэн 50 мянган фунт стерлинг буюу ойролцоогоор 66.7 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртэх юм.

Эх сурвалж: THE BOOKER PRIZES, AP