Өнгөрч буй долоо хоног Монгол Улсын улс төр, нийгэм эдийн засгийн салбарт олон сонирхолтой үйл явдал өрнөлөө. Тэдгээрээс онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
"Халаад өгөөч" гэж хүссэн ч халагдаж чаддаггүй хөөрхийлөлтэй дарга
УИХ-ын 2026 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд холбогдох хуулийн заалтыг үндэслэн УИХ-ын дарга уг саналыг чуулганы хуралдаанд оруулсан байна.
Нууц санал хураалтад 94 гишүүн оролцсоноос 40 нь чөлөөлөхийг дэмжиж, 54 нь татгалзжээ. Ингэснээр Т.Жамбаажамцыг албан тушаалаас нь чөлөөлөх санал олонхийн дэмжлэг авч чадсангүй.
Тэрбээр одоогоор СЗХ-ны даргын албан тушаалдаа хэвээр үлдээд байгаа юм. Зарим дарга харагдчих вий гэж бэмбэгнэж байхад зарим нь бүр халагдъя гэсэн ч халж өгдөггүй "хэцүү" ч хорвоо ёо.

УИХ-ын дарга С.Бямбацогт өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хүсэлт гаргасан хүнийг чөлөөлөх саналыг парламент дэмжээгүйг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн зохицуулалтад анхаарах шаардлагатай байгаагийн илрэл хэмээн үзэж, хуулийн зохицуулалтын “цоорхой” гэж онцлов.
Хуралдааны үеэр СЗХ-ны зарим гишүүний орон тоо эзгүй байгаа асуудлыг ч мөн хөндсөн. УИХ-ын дарга тус хорооны таван гишүүний орон тоог ойрын хугацаанд нөхөж, томилгооны сонсголыг нээлттэй явуулах талаар мэдэгдсэн байна. Энэ нь санхүүгийн зах зээлийн зохицуулалт, хяналтын байгууллагын удирдлага, бүрэлдэхүүнийг цэгцлэх асуудал цаашид ч парламентын анхааралд байх нь.
"Чингэлтэй дүүрэг Мандуулаар дутахгүй"
Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн 2026 оны аравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарыг өөрчлөх улс төрийн шийдвэр гаргасан талаар мэдээлжээ. Улмаар арваннэгдүгээр сарын 2-нд дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж, уг өөрчлөлтийг албажуулах шийдвэрүүд гаргав.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, түүний оронд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, өмнө нь Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Д.Ундармааг томилжээ. Д.Ундармаа өмнө нь нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн даргаар ажиллаж байв.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар орон сууцжуулалт” компанийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөөг томилохыг дүүргийн ИТХ дэмжжээ. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва холбогдох шийдвэрийг батламжилснаар томилгоо албажсан. З.Төмөртөмөө хэвлэлд ярилцлага өгөхдөө "Чингэлтэй дүүрэг Мандуулаар дутахгүй" гэж хэлсэн нь олны анхаарлыг татав.
Эдгээр өөрчлөлт нь нийслэлийн МАН-ын удирдлагын бүтцэд өөрчлөлт орох үйл явцтай цаг хугацааны хувьд давхацсан нь сонирхолтой. Тухайлбал, хоёр дүүргийн Засаг даргыг солих шийдвэр Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурлаас өмнө гарсан. Гэхдээ томилгоог зөвхөн намын дотоод улс төрийн өөрчлөлттэй холбон тайлбарлах хангалттай албан ёсны үндэслэл одоогоор нийтэд ил болоогүй байгаа юм.
“10 саяын” гэх бичлэгт нэр холбогдсон М.Онон гомдоллов
Цахим орчинд арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн “Madina” гэх Instagram хаягаар дамжуулан төмөр замын удирдах албан тушаалтантай холбоотой, эмэгтэй хүнтэй уулзахдаа 10 сая төгрөг шилжүүлсэн гэх агуулгатай мэдээлэл, бичлэг тарсан. Уг мэдээлэлд Төмөр замын Тээврийн удирдлагын газрын дарга М.Ононы нэр, албан тушаалыг холбон нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татжээ.
Үүнтэй холбогдуулан М.Онон өөрийн байр суурийг илэрхийлж, тухайн үйл явдалд оролцоогүйгээ албан ёсоор мэдэгдэв. Тэрбээр цахим орчинд тархсан мэдээлэлд өөрийн овог нэр, албан тушаалыг холбосонд харамсаж байгаагаа илэрхийлээд, тухайн үед гэр бүлийнхэнтэйгээ агаарт гарч, орой гэртээ амарч байснаа тайлбарласан. Мөн өөрийнх нь хэлснийг орц болон хорооллын хяналтын камерын бичлэгээр шалгаж тогтоох боломжтойг мэдэгдсэн байна.
М.Онон уг мэдээлэл зөвхөн өөрийнх нь нэр хүндэд төдийгүй гэр бүл, ажлын орчинд нь сөргөөр нөлөөлж байгааг онцолсон юм. Тэрбээр хоёр хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн бөгөөд өөрийнх нь оролцоогүй үйл явдалд нэр холбогдуулан олон нийтэд мэдээлсэнд гомдолтой байгаагаа хэлсэн байна. Иймээс нэр төрөө сэргээлгэхээр цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.
Х.Нямбаатар цахимаар онц дүн тавиулж, Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-д эзэн суув
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 7-нд болж, намын хорооны удирдлага, бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэв. Энэ хурлаар өмнөх дарга Х.Нямбаатар ажлын тайлангаа цахимаар танилцуулж, Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд захирагч Б.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонголоо.
Х.Нямбаатар 2024 оны орон нутгийн сонгуулийн дараа Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдож, нийслэлийн намын байгууллагыг удирдаж байв. Тэрбээр 2026 оны тавдугаар сард нийслэлийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн ч намын хорооны даргын ажлаа үргэлжлүүлэн хашиж байсан билээ.
Энэ удаагийн Бага хуралд тэрбээр цахимаар оролцож, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулсан. Түүний тайланд хурлын төлөөлөгчид “онц” гэсэн үнэлгээ өгч эрхлүүлэв.
Үүний дараа Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшиж, цаашид хэрэгжүүлэх зорилт, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Нууц санал хураалтад оролцсон 480 төлөөлөгчийн 97.5 хувь нь түүнийг дэмжсэнээр шинэ даргаар сонгогдов. Түүнд намын хорооны даргын тамгыг Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар гардуулсан юм.
МАН-ын дүрмийн дагуу нийслэлийн Засаг дарга Нийслэлийн МАН-ын хороог удирдах зохицуулалттай учраас Б.Пүрэвдагва хотын захиргааны ажлын зэрэгцээ нийслэлийн намын байгууллагыг хариуцахаар болжээ.
С.МАНДАХ