Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг тус намын Хяналтын ерөнхий хорооноос гаргасан нь нам доторх маргааныг дахин хурцатгасан. Уг шийдвэрийг Хяналтын ерөнхий хорооны зарим гишүүн болон намын удирдлагууд эсэргүүцэж, Үндсэн дүрэм зөрчсөн үйлдэл хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 6-ны орой АН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Тус хорооны 15 гишүүнээс 13 нь хуралдаанд оролцож, оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар уг шийдвэрийг дэмжжээ.

Хяналтын ерөнхий хорооны дарга Ш.Түвдэндоржийн тайлбарласнаар, намын дотоод сонгуультай холбоотой маргаан, гишүүдийн гомдол саналын улмаас зарим намын хороонд дахин сонгууль явуулах шаардлага үүссэн аж.

Энэ хүрээнд Хэрэг эрхлэх ерөнхий газар болон Ерөнхий нарийн бичгийн даргад удаа дараа чиглэл, үүрэг өгсөн ч биелүүлээгүй, гишүүдийн гомдлыг шийдвэрлэхгүй удаашруулсан гэх үндэслэлээр С.Баярцогтыг чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Гэвч уг шийдвэрийг АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр эрс эсэргүүцэв. Тэрбээр “Хяналтын ерөнхий хороо Намын дарга болон Үндэсний бодлогын хорооны эрхэд халдах ёсгүй. Сонгогдсон албан тушаалтанд дүрмийн бусаар хариуцлага тооцох эрх байхгүй. Зүгээр л Ардчилсан намыг сулруулах зорилготой хорон санаархал” хэмээн мэдэгдсэн байна.

Мөн АН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Д.Цэндсүрэн уг шийдвэрийг намын Үндсэн дүрэмд нийцээгүй гэж үзжээ. Түүний тайлбарласнаар, Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх асуудлыг Хяналтын ерөнхий хороо дангаараа шийдвэрлэх эрхгүй бөгөөд Үндэсний бодлогын хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой аж.

Түүнчлэн Сүхбаатар дүүрэг болон Дорноговь аймгийн АН-ын гишүүдээс ирүүлсэн гомдлыг тухайн шатны Хяналтын салбар хороодоор хэлэлцүүлээгүй байхад Хяналтын ерөнхий хороо авч хэлэлцсэн нь дүрмийн зөрчил болсон гэж Д.Цэндсүрэн үзжээ.

Тэрбээр АН-ын Үндсэн дүрмийн дагалдах журмын 23.2-т аймаг, нийслэлийн Хяналтын салбар хороогоор хэлэлцээгүй асуудлыг Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцүүлэхийг хориглосон заалт байдгийг онцолжээ.

Нэг асуудлаар намын удирдлагууд болон Хяналтын ерөнхий хорооны гишүүд эсрэг байр суурь илэрхийлж эхэлсэн нь АН-ын дотоод зөрчил дахин ил гарсныг харуулж буйг ажиглагчид онцолж байна. 

С.Баярцогтыг чөлөөлөх шийдвэрийн дараа АН-ын Онц их хурлыг энэ сарын 14-нд зарласан тухай мэдээлэл мөн гарчээ. Харин Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг намын даргад танилцуулж, дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчийг намын дарга Үндэсний бодлогын хороонд өргөн мэдүүлэх журамтай талаар хэвлэлүүд мэдээлсэн байна.

С.Баярцогт энэ оны тавдугаар сарын 6-нд болсон АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон. Тухайн үед намын дарга О.Цогтгэрэл түүний нэрийг дэвшүүлж, Үндэсний бодлогын хорооны гишүүд дэмжсэнээр уг албан тушаалыг хаших болсон билээ.

Одоогийн байдлаар Хяналтын ерөнхий хорооны гаргасан шийдвэр намын дүрмийн хүрээнд хэрхэн хэрэгжих, Үндэсний бодлогын хороо болон Улс төрийн зөвлөл ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байна.

С.Баярцогтыг чөлөөлөх асуудал боссоноор АН-ын удирдлагын эрх хэмжээ, дүрмийн хэрэгжилт, намын байгууллагуудын харилцаа, маргааныг дахин өдөөж, намын дотоод улс төрийн нөхцөл байдлыг анхаарлын төвд авчрав.

С.МАНДАХ