Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 7-нд Тусгаар тогтнолын ордонд болж, намын хорооны даргын тайланг хэлэлцэн, шинэ даргаа сонголоо.

Хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн ажлын тайлан, нийслэлийн намын хорооны даргын сонгууль, цаашдын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ удаагийн Бага хуралд Нийслэлийн МАН-ын 78 мянга гаруй гишүүнийг төлөөлсөн 489 төлөөлөгч оролцжээ. Төлөөлөгчдийг нийслэлийн 204 хорооны намын хороо тус бүрээс бүх гишүүний хурлаар сонгосон бөгөөд тэдний 65.1 хувь нь эрэгтэй, 34.9 хувь нь эмэгтэйчүүд байсан аж.

Насны ангиллаар авч үзвэл, 12.2 хувь нь 18-34 насны залуучууд, 78.3 хувь нь 35-60 насныхан, 9.4 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байжээ. Хурлын хамгийн ахмад төлөөлөгч 89 настай бол хамгийн залуу нь 18 настай байсан аж.

May be an image of one or more people and crowd

Хурлын эхэнд Хотын даргын албыг хашиж байсан Х.Нямбаатар өнгөрсөн дөрвөн жилийн ажлын тайлангаа цахимаар танилцуулжээ. Түүний тайланг сонссоны дараа хуралд оролцсон төлөөлөгчид “Хангалттай” гэсэн үнэлгээ өгсөн байна.

Улмаар нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагва мөрийн хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх зорилт, бодлогоо танилцуулж, төлөөлөгчдийн асуултад хариулжээ.

Тэрбээр нийслэлийн 204 хороонд нэгдсэн стандарт, зохион байгуулалт бүхий франчайз тогтолцоо нэвтрүүлж, хороо бүрийн онцлог, иргэдийн хэрэгцээ, тулгамдсан асуудалд тулгуурлан хөгжүүлнэ.

Түүнчлэн намын гишүүнчлэлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах, сургалт, мэдээлэл, үнэлгээ, хариуцлагын стандартыг нэвтрүүлэх, цахим хороог хөгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр гишүүд хаанаас ч намын үйл ажиллагаанд оролцох, санал хүсэлтээ хүргүүлэх боломж бүрдэнэ гэж тодотгосон байна.

Түүнээс өөр хүн заалнаас нэр дэвшээгүй тул Б.Пүрэвдагва ганцаараа нэр дэвшигчээр өрсөлдсөн байна. Улмаар нууц санал хураалт явуулахад төлөөлөгчдийн 97.5 хувийн саналаар түүнийг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгожээ.

May be an image of one or more people, people studying and crowd

Хурлын үеэр улс төрийн цаг үеийн асуудлаар зарим төлөөлөгчөөс байр суурийг нь тодруулав. УИХ-ын гишүүн П.Сайнзориг Х.Нямбаатарын сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр илэрхийлж буй “Ерөнхийлөгчийн дэглэм”-тэй холбоотой байр суурийн талаар асуухад “Х.Нямбаатарын ярьж байгаа дэглэм байгаа эсэхийг тогтоож чадахгүй байна. Наймдугаар сараас хойш түүнтэй уулзаагүй, холбогдоогүй учраас бусад асуудлыг нь мэдэхгүй” хэмээн хариулав.

Сануулахад, Хотын даргын албыг хашиж байсан Х.Нямбаатар амралтын өдрүүдэд цахим шууд дамжуулалт хийж, Ерөнхийлөгчийн гэх дэглэмийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.

НИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин Б.Пүрэвдагвын талаар байр сууриа илэрхийлэхдээ, түүнийг олон жил намын байгууллагад ажиллаж, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай тул нийслэлийн намын даргын алба түүний хувьд цоо шинэ ажил биш болохыг онцлов.

Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурлаар мөн бүтцийн болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн байна.

May be an image of one or more people, crowd and text

С.МАНДАХ