Германы нэгэн тариалангийн талбайгаас санамсаргүй олдсон өчүүхэн жижиг алтан цилиндр жинхэнэ археологийн оньсого болжээ. Ромын эзэнт гүрний үеийнх болох нь тогтоогдсон уг эдлэл дотроо ажиллагаатай цоожны механизм хадгалж үлдсэн хосгүй олдвор аж.

Орчин үеийн дэвшилтэт сканнерын технологийн тусламжтайгаар судлаачид уг олдворын доторх бүтцийг гэмтээлгүй шинжилж, бүр алга болсон түлхүүрийнх нь хэлбэрийг ч сэргээн бүтээж чаджээ.

Нэг центийн зоосноос ч жижиг боловч алтнаас ч үнэт олдвор

Ромын эзэнт гүрний үеийн энэхүү археологийн ховор олдворыг 2023 онд Германы Хойд Рейн-Вестфали мужийн зүүн хойд хэсэгт орших Петерсхаген-Фрилле тосгоны ойролцоох энгийн нэгэн тариалангийн талбайгаас олж илрүүлжээ.

Олсон хүн уг эдлэлийг ердөө нэг центийн зоосны хэмжээтэй, гоёл чимэглэлийн жижиг хэсэг болов уу хэмээн анх бодсон ч газраас өргөж үзэхэд гарын алган дээр багтах өчүүхэн цилиндр байсан аж.

Археологичид уг олдворыг манай эриний III-IV зуунд хамааруулан тогтоосон байна. Торх хэлбэртэй их бие нь алтаар хийсэн хоёр цилиндр хэлбэрийн нимгэн бүрхүүлээс бүрдэх бөгөөд дээд, доод хэсгийг нь дугуй таглаагаар битүүлжээ.

Бүхэл бүтэн хийцийг гурван ширхэг алтан хадаасаар бэхэлсэн байсан аж. Гадна цилиндр хэсгийг нарийн сийлбэртэй торон тууз мэт харагдах, хоёр эгнээ жижиг нүх гарган чимэглэжээ.

Алтан эдлэлийн завсрын нэг хэсэгт илэрсэн зэвний хүрэн толбо дотор нь төмрөөр хийсэн эд анги байгааг илтгэсэн байна. Мөн гинжний нэг холбоос хэсэг нь өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Эдгээр шинж тэмдгийг судалсан мэргэжилтнүүд уг эдлэл цоож болохыг тогтоосон байна.

Судалгаагаар энэ олдвор нь Ромын үеийн “хайрцган цоож” хэмээн нэрлэгддэг төрлийнх болох нь тогтоогджээ. Ийм төрлийн цоож Ромын эзэнт гүрний үед өргөн хэрэглэгддэг байсан ч ихэвчлэн төмөр, хүрлээр хийгддэг, хэмжээний хувьд үүнээс хавьгүй том байжээ. Харин Вестфалиас олдсон цэвэр алтан, өчүүхэн жижиг цоож нь одоогоор хосгүй олдворт тооцогдож байгаа аж.

Эртний урчуудын нууцыг тусгай технологийн тусламжтай тайлжээ

Эрдэмтэд уг цоож үнэхээр ажилладаг байсан уу, эсвэл зөвхөн гоёл чимэглэлийн зориулалттай байв уу гэдгийг тогтоохын тулд хэврэг алтан их биеийг нь задлахгүйгээр доторх бүтцийг судлахаар болжээ. Ийм төрлийн судалгаанд ихэвчлэн рентген шинжилгээ болон компьютер томографийн аргыг ашигладаг. Гэвч энэ удаа дээрх аргууд хангалтгүй байсан аж.

Рентген туяа алтан гадна бүрхүүлийг нэвтэлж чадаагүй байна. Цоожны их бие, бэхэлгээний хадаас болон хадгалагдан үлдсэн гинжний холбоос тодорхой харагдсан ч доторх төмөр эд ангиудыг дүрслэх боломжгүй байжээ.

Энэ үед Германы эрдэмтдэд Швейцарийн мэргэжил нэгтнүүд нь тусалсан байна. Бяцхан цоожийг хуванцар жижиг хайрцагт хийж, Пауль Шеррерийн нэрэмжит судалгааны хүрээлэн (PSI)-д хүргэжээ.

Тэнд NEUTRA төхөөрөмж болон орчин үеийн гурван хэмжээст нейтрон томографийн технологи ашигласан байна. Олон цаг үргэлжилдэг, давхарга бүрээр нь нарийвчлан сканнердах энэхүү аргын тусламжтайгаар цоожны доторх төмөр механизмыг бүрэн харах боломжтой болжээ. Тодруулбал, пүрш бүхий хүрээ, бичил түгжээний хэл, тулгуур хавтан болон бусад жижиг эд ангиудыг нарийвчлан илрүүлсэн байна.

Мөн сканнерын дүрс бичлэгээс цоожны нэг чиглүүлэгч эд анги хугарсан байгааг тогтоожээ. Судлаачдын таамаглаж буйгаар, эрт үед хэн нэгэн уг цоожийг эвдэхийг оролдсон, эсвэл эсрэгээрээ түгжих механизмыг нь зориудаар өөрчлөх гэж оролдсон байж болзошгүй аж.

Гэхдээ уг эдлэл үнэхээр ажиллагаатай цоож байсан уу, эсвэл ердөө гоёл чимэглэлийн зориулалттай байсан уу гэсэн асуулт судлаачдын сонирхлыг татсаар байжээ.

Томруулсан загвар бүтээж, цоожийг ажиллуулжээ

Цоожны механизм бодитоор ажиллах боломжтой эсэхийг батлахын тулд мэргэжилтнүүд түүний дөрөв дахин томруулсан загварыг бүтээжээ. Загварыг гууль болон ган ашиглан 4:1 харьцаагаар хийсэн байна.

Сканнерын судалгаагаар тогтоосон эд ангиудын хэлбэр, хэмжээ болон Ромын үеийн ижил төстэй эдлэлүүдтэй харьцуулсан шинжилгээнд үндэслэн цоожны бүтцийг бүрэн сэргээн босгож чаджээ. Түүнчлэн алга болсон түлхүүрийнх нь хэлбэрийг хүртэл тодорхойлсон байна.

Хадгалагдан үлдсэн гинжний нэг холбоост тулгуурлан анхны гинж нь дор хаяж зургаан холбоосоос бүрдэж байсан гэж үзэж, түүнийг мөн сэргээн бүтээжээ.

Хамгийн сонирхолтой нь, сэргээн бүтээсэн механизм амжилттай ажиллаж, цоож нээгдсэн байна. Ийнхүү 1600 орчим жилийн өмнө Ромын урчуудын бүтээсэн нарийн хийцтэй механизм өнөө цагт дахин ажиллаж чаджээ.

Гэвч олон нууц тайлагдаагүй хэвээр

Энэ өчүүхэн цоожоор яг ямар зүйл түгждэг байсан, мөн хэрхэн Германы энэ нутагт хүрч ирсэн нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Эрдэмтдийн таамаглаж буйгаар, уг цоожийг үнэт эдлэл хадгалдаг жижиг авдар, үнэ цэнтэй эд зүйлсийн хайрцаг, эсвэл бүр сахиус мэт жижиг савыг түгжихэд ашигладаг байсан байж магадгүй юм байна.

Олдвор яагаад Петерсхаген-Фрилле тосгоны ойролцоо байсан нь бас нэгэн сонирхолтой асуулт хэвээр үлдээжээ. Учир нь, уг бүс нутаг Ромын эзэнт гүрний хилийн хамгаалалтын шугам болох лимесээс нэлээд алслагдсан газар байсан аж.

Судлаачид энэхүү үнэт олдвор Везер голын эрэг орчимд худалдаа наймааны замаар хүрсэн, дайны олз хэлбэрээр ирсэн, эсвэл Ромын армид алба хааж байсан герман дайчин эх нутагтаа авчирсан байж болзошгүй хэмээн таамаглаж буй юм байна.

Өнөөдөр энэхүү хосгүй олдвор болон түүний дөрөв дахин томруулсан загварыг Германы Хальтерн-ам-Зе хотын LWL Ромын музейд дэлгэжээ. Үзэсгэлэнг “Вестфали дахь Ром” хэмээн нэрлэсэн байна.

Ердөө нэг центийн зоосны хэмжээтэй алтан эдлэл ийнхүү эртний Ромын урчуудын технологийн өндөр түвшнийг харуулсан төдийгүй 1600 жилийн турш тайлагдаагүй нууцыг орчин үеийн шинжлэх ухааны тусламжтайгаар ил болгожээ.

Эх сурвалж: DW