Ардчилсан намын дотоод улс төрд дахин маргаан үүсч, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг албан тушаалаас нь огцруулах тухай асуудал олны анхаарлын төвд орлоо. Тодруулбал,

Арваннэгдүгээр сарын 6-ны орой Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооноос Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна. Уг шийдвэрийн дараа АН-ын гишүүн, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлж, "Намын дотоод асуудлын цаана улс төрийн тодорхой ашиг сонирхол байж болзошгүй" хэмээн шүүмжилжээ.

Тэрбээр “С.Баярцогтыг намын үндсэн журам зөрчин огцруулж байгаа нь үнэн бол женкочууд эзэндээ өөрийнхөө үнэ цэнийг харуулах гэсэн ажиллагаа байж таарна. Эзэн нь сүүлийн үед Монголыг маань дахин колончлох бодлогоо ил цагаан хийн идэвхжүүлж эхэлсэнтэй яг л давхцаж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Э.Бат-Үүлийн энэхүү мэдэгдэл АН-ын дотоод зөрчил, нам доторх улс төрийн бүлэглэлүүдийн нөлөөллийн асуудлыг дахин хөндсөн үйл явдал болов. Гэхдээ түүний дурдсан улс төрийн нөлөөлөл, ашиг сонирхлын талаарх тайлбар нь өөрийнх нь байр суурь бөгөөд одоогоор үүнийг батлах бие даасан баримт нийтэд ил болоогүй байна.

Хяналтын ерөнхий хорооны шийдвэр намын дүрэмд нийцсэн үү?

С.Баярцогтыг огцруулах тухай мэдэгдлийн дараа АН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Д.Цэндсүрэн уг шийдвэрийг эсэргүүцэж, намын Үндсэн дүрэм зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Түүний тайлбарласнаар, Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх асуудлыг Хяналтын ерөнхий хороо дангаараа шийдвэрлэх эрхгүй, АН-ын Үндсэн дүрмийн дагуу Үндэсний бодлогын хорооны хурлаар хэлэлцэх ёстой аж.

Тэрбээр "Сүхбаатар дүүрэг болон Дорноговь аймгийн АН-ын гишүүдээс гаргасан гомдлыг тухайн шатны Хяналтын салбар хороодоор хэлэлцээгүй байхад Хяналтын ерөнхий хороо авч хэлэлцсэн нь дүрмийн зөрчил болсон" гэж үзжээ. Тодруулбал,

АН-ын Үндсэн дүрмийн дагалдах журмын 23.2-т аймаг, нийслэлийн Хяналтын салбар хороогоор хэлэлцээгүй асуудлыг Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцүүлэхийг хориглосон заалт байдгийг Д.Цэндсүрэн онцолсон байна.

Тэрбээр “Хяналтын ерөнхий хороонд Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх эрх үндсэн дүрмээр олгогдоогүй. Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хороо, Хяналтын ерөнхий хороо ойлголцож шийдвэрлэнэ биз дээ. Арай гэж нэг эвлэж ядаж байгаа АН-ын зөрчилдөөн дуусахгүй зовлонтой ч юм даа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

С.Баярцогт АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хэрхэн томилогдсон бэ?

С.Баярцогтын томилгоо өмнө нь намын дотоод улс төрийн анхаарлын төвд орж байв. Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сарын 15-нд Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, түүнийг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох асуудлыг хэлэлцэхэд 32 гишүүний 26 нь дэмжсэнээр уг албан тушаалд ажиллах болсон.

Улмаар тавдугаар сарын 6-нд болсон АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаанаар түүнийг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон талаар хэвлэлүүд мэдээлж байв. Тухайн үед намын дарга О.Цогтгэрэл түүний нэрийг дэвшүүлсэн бөгөөд С.Баярцогт өөрөө намын дотоод зөрчлийг даван туулж, эв нэгдлийг хангах чиглэлд ажиллах боломжтойгоо илэрхийлж байсан аж.

Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоноос хойш зургаан сарын дараа түүнийг огцруулах асуудал хөндөгдөж буй нь АН-ын дотоод удирдлага, шийдвэр гаргах байгууллагуудын харилцаанд дахин анхаарал хандуулах нөхцөл болж байна.

С.Баярцогт тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо олон улсын чуулганд оролцож байна

Энэ үйл явдалтай зэрэгцэн С.Баярцогт тэргүүтэй Ардчилсан намын төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хотноо зохион байгуулагдсан Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Ерөнхий Ассамблейн 13 дугаар чуулганд оролцжээ.

Тус чуулган арваннэгдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд “Өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд итгэлцлийг сэргээн бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Азийн улс орнуудын улс төрийн намуудын төлөөлөгчид бүс нутгийн хамтын ажиллагаа, ардчилал, улс төрийн харилцан итгэлцэл, тогтвортой хөгжил зэрэг асуудлаар санал солилцсон байна.

С.Баярцогт тэргүүтэй АН-ын төлөөлөгчдийн хувьд тус чуулганд оролцсон нь намын олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа аж. Гэвч түүнийг огцруулах тухай дотоод шийдвэртэй цаг хугацааны хувьд давхцсан нь улс төрийн хүрээнд анхаарал татав.

Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны шийдвэр, түүнийг эсэргүүцсэн намын гишүүдийн байр суурь, Э.Бат-Үүлийн улс төрийн шүүмжлэл зэргээс харахад, тус намын дотоод асуудал дахин хурцадмал байдалд оржээ.

Харин С.Баярцогтыг огцруулах шийдвэрийг намын ямар эрх бүхий байгууллага эцэслэн баталгаажуулах, Үндэсний бодлогын хороо болон Улс төрийн зөвлөл ямар байр суурь илэрхийлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Нэг намын Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал ийнхүү намын дотоод дүрэм, удирдлагын эрх мэдэл, улс төрийн бүлэглэлүүдийн харилцааг хөндсөн томоохон маргаан болон өрнөж байна.

С.МАНДАХ