Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр эхэлж байна. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг тус хурлаар нийслэлийн намын хорооны өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны тайланг хэлэлцэхээс гадна удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж, дараагийн даргыг сонгох аж.

Энэ удаагийн хурлын анхаарал татаж буй гол асуудал нь Нийслэлийн МАН-ын хорооны одоогийн дарга Х.Нямбаатарын ажлын тайлан болон түүний дараагийн удирдлагыг сонгох асуудал. Тэрбээр өнгөрсөн хугацаанд нийслэлийн намын хороог удирдан ажилласан тайлангаа танилцуулж, албан тушаалаа шилжүүлэх аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын Бага хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Н.Алтаншагайгаас тодруулахад “Х.Нямбаатар өнөөдөр тайлангаа тавьж, ажлаа өгнө. Б.Пүрэвдагвыг өчигдөр Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшүүлсэн” хэмээн мэдээлжээ.

Хотын дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшихээ өмнө нь илэрхийлж байсан. Түүний хувьд нийслэлийн намын удирдлага болон хотын удирдлагын чиг үүрэг уялдаатай байх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байв.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ч Б.Пүрэвдагвыг нийслэлийн намын даргад дэмжих байр суурьтай байгаагаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. 

Нийслэлийн МАН-ын 36 дугаар Бага хуралд нийт 489 төлөөлөгч оролцохоор бэлтгэл хангагдаж, хурлаар зөвхөн даргын асуудал төдийгүй намын хорооны бүтэц, бүрэлдэхүүн, тэргүүлэгчид болон дэд дарга нарын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Иймээс энэ удаагийн хурал нийслэлийн намын удирдлагын багт тодорхой өөрчлөлт оруулах үйл явц болохоор байна. 

Одоогийн дарга Х.Нямбаатарын хувьд Бага хуралд биечлэн оролцох эсэх нь өмнө нь анхаарал татаж байсан асуудлын нэг юм. Хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Н.Алтаншагай өмнөх мэдээлэлдээ түүнийг цахимаар оролцож, тайлангаа танилцуулах байх хэмээн мэдэгдэж байв. 

Нийслэлийн МАН-ын хорооны удирдлагын өөрчлөлтийг шийдвэрлэх 36 дугаар Бага хурлаар Х.Нямбаатарын тайланг хэрхэн хэлэлцэх, Б.Пүрэвдагвын нэр дэвшилд төлөөлөгчид ямар байр суурь илэрхийлэх, цаашлаад намын удирдлагын багт ямар өөрчлөлт орох нь улс төрийн анхаарлын төвд байна.

Энэ удаагийн Бага хурлын шийдвэр нийслэлийн МАН-ын цаашдын удирдлага, зохион байгуулалтын бүтэц болон хотын улс төрийн үйл явцад хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж буй юм.

С.МАНДАХ