Сая сая америкчуудын хувьд кофе ууж байж л өдөр нь жинхэнэ утгаараа эхэлдэг. АНУ-ын Үндэсний кофены холбооноос мэдээлснээр, кофе нь тус улсын хамгийн түгээмэл хэрэглэдэг ундаа бөгөөд бараг 195 сая америк хүн долоо хоногт дор хаяж нэг удаа кофе уудаг байна.

Гэртээ кофе чанаж уух, ажилдаа явах замдаа авч уух, эсвэл нэг удаагийн порцоор кофе бэлтгэдэг төхөөрөмж ашиглах гээд хүн бүр өөрийн гэсэн дадалтай. Магадгүй та ч өглөө бүрийн энэ хэвшлээ нэг их ухаан заралгүйгээр дагаж мөрддөг байх.

Гэхдээ өдөр бүр хэрэглэдэг аливаа хүнс, ундаандаа анхааралтай хандах нь зүйтэй. Хорт хавдрын нийт тохиолдлын 30-40 орчим хувийг зөвхөн хооллолт, амьдралын хэв маягаа өөрчилснөөр урьдчилан сэргийлэх боломжтой гэж тооцоолдог. Энэ нь өглөө бүр давтагддаг жижиг сонголтууд олон жил, хэдэн арван жилийн хугацаанд эрүүл мэндэд тань нөлөөлж болохыг харуулж буй.

Кофены талаарх ойлголт цаг үеэ даган өөрчлөгдсөөр ирсэн. Нэг үе эрүүл мэндэд тустай хэмээн магтаж байсан бол дараагийн үед нь сөрөг нөлөөтэй гэж үзэх нь ч байв. Харин сүүлийн жилүүдэд хуримтлагдсан судалгааны үр дүнд эрдэмтэд кофены урт хугацааны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг илүү тодорхой ойлгох болжээ.

Өдөр тутам уудаг кофе хорт хавдрын эрсдэлтэй хэрхэн холбогддог вэ? Өдөрт уух кофены хэмжээ чухал уу? Мөн кофег хар чигээр нь уух уу, эсвэл амт оруулагч сироп, цөцгий нэмэх үү гэдэг ялгаатай юу? Хавдар судлаачид шинжлэх ухааны судалгаанууд юу харуулж байгааг тайлбарлаж, эрүүл мэндэд эерэг болон сөрөг нөлөө үзүүлж болох дадлуудын талаар зөвлөгөө өгчээ.

Өдөрт хэдэн аяга кофе уух вэ?

“Gastroenterology” сэтгүүлд нийтлэгдсэн хэд хэдэн судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэсэн мета-анализын судалгаагаар, өдөрт уух кофены хэмжээг хоёр аягаар нэмэгдүүлэх нь элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэл 43 хувиар бага болохыг тогтоожээ.

Regional Cancer Care Associates-ийн хавдар судлаач, анагаах ухааны доктор Авишек Кумар өмнө нь Parade сэтгүүлд өгсөн ярилцлагадаа кофегоо хар чигээр нь уудаг хүмүүс эрүүл мэндэд тустай дадалтай байж болохыг онцолсон байна.

Тэрбээр “Кофе хэрэглэх нь зарим төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэл бага болохыг хэд хэдэн судалгаагаар тогтоосон. Ялангуяа элэгний хорт хавдрын хувьд ийм хамаарал ажиглагддаг” гэжээ.

Сүүлийн үеийн судалгаанууд ч энэ чиглэлийн үр дүнг бататгаж байна. Тухайлбал, BMC Public Health сэтгүүлд 2021 онд нийтлэгдсэн, Их Британийн Биобанк судалгаанд хамрагдсан бараг 495 мянган хүний мэдээлэлд үндэслэсэн судалгаагаар кофе уудаг хүмүүс кофе хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад элэгний архаг өвчнөөр өвчлөх эрсдэл 21 хувиар, уг өвчний улмаас нас барах эрсдэл 49 хувиар бага байжээ.

Мөн International Journal of Molecular Sciences сэтгүүлд 2023 онд нийтлэгдсэн тойм судалгаанд кофе хэрэглэх нь бүдүүн, шулуун гэдэс, хөх болон умайн салст бүрхүүлийн хорт хавдраар өвчлөх эрсдэл бага болохыг дурдсан байна.

Кофе нь 1,000 гаруй төрлийн нэгдэл агуулдаг тул тэдгээрийн яг аль нь эрүүл мэндэд нөлөөлж байгааг тодорхойлоход төвөгтэй. Нэг таамаглалаар, кофенд агуулагдах зарим нэгдэл нь бие махбод дахь исэлдэлтийн стрессийг бууруулахад тусалдаг байж болох аж.

Кофенд юу нэмж ууж байгаагаас шалтгаална

Кофег амттан шиг их хэмжээний нэмэлттэйгээр хэрэглэх үед түүний боломжит ашиг тус буурч болзошгүй юм байна. Episcopal Health Services-ийн Цацрагийн хавдар судлалын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор Марк Ашамалла өмнө нь Parade сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ ялгаа чухал болохыг онцолжээ.

Тэрбээр “Энгийн хар кофе нь элсэн чихэр, амт оруулагч сироп, цөцгий болон үйлдвэрийн аргаар боловсруулсан кофены нэмэлтээр дүүргэсэн том аяга амтат кофеноос эрс ялгаатай” гэж хэлсэн байна.

Хоёр хавдар судлаачийн үзэж буйгаар, чихэрлэг сироп болон өндөр түвшинд боловсруулсан кофены нэмэлтүүд нь бие махбод дахь үрэвслийг нэмэгдүүлэх, таргалалт болон инсулины эсэргүүцэл үүсэхэд нөлөөлж болзошгүй. Эдгээр нь хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсэд тооцогддог аж.

Доктор Кумар “Нэг удаа чихэрлэг кофе ууснаар хорт хавдар үүсэхгүй. Гэхдээ өдөр бүр их хэмжээний сахар агуулсан кофе уух нь урт хугацаандаа хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж болох амьдралын хэв маягийн нэг хэсэг болж хувирна” гэж анхааруулжээ.

Кофены температур ч бас чухал аж. Доктор Ашамалла “Хэт халуун ундаа хэрэглэх нь улаан хоолойн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй. Учир нь, халуун ундаанаас үүдэлтэй давтан дулааны гэмтэл улаан хоолойн салст бүрхүүлийг гэмтээж болно. Тиймээс хэт халуун кофегоо бага зэрэг хөргөсний дараа уухыг зөвлөдөг” хэмээн тайлбарласан байна.

Тэрбээр хар кофе уух дургүй бол сиропын оронд шанцай, задь эсвэл какао нэмж хэрэглэж болохыг зөвлөжээ. Доктор Ашамаллагийн хэлснээр, олон төрлийн амтлагч ургамлын гаралтай, антиоксидант болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй нэгдлүүд агуулдаг. Гэхдээ ихэнх хүний хувьд тэдгээрийн гол давуу тал нь чихэрлэг сироп, сахар ихтэй кофены нэмэлтийн хэрэглээг багасгахад тусалдаг байна.

Эх сурвалж: PARADE