Монголын хөгжмийн урлагийн сор болсон бүтээлүүдийг жазз хөгжмийн өвөрмөц өнгө төрх, орчин үеийн хөгжмийн шийдэлтэй хослуулсан нэгэн шинэ уран бүтээл мэндэлжээ. Тодруулбал, дуучин Наагий буюу Н.Наранбаатар “Khuree Jazz Vol.1” нэртэй пянз гаргаж, үе үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон Монголын алтан үеийн дуунуудыг жазз хөгжмийн шинэ найруулгаар хүргэж байна.
Тус пянзанд Монголын хөгжмийн урлагийн алтан фондод багтсан, цаг хугацааны шалгуурыг даван өнөөдрийг хүртэл үнэ цэнээ хадгалсан нийт есөн уран бүтээл багтжээ. Тухайлбал, пянзны А талд “Мандах нар”, “Ийм нэгэн сэтгэл”, “Дөрвөн цагийн тал”, “Шүүдэр цэцэг”, “Нарт тэнгэрийн доор” зэрэг дууг багтаасан бол Б талд “Орь залуу нас”, “Би чамд хайртай”, “Оргилуун залуу нас”, “Аяны шувууд” хэмээх олны танил бүтээлүүдийг шинэ өнгө төрхөөр амилуулсан байна.
“Khuree Jazz Vol.1” пянзны онцлог нь Монголын хөгжмийн өв соёлыг жазз хөгжмийн хэлээр дахин тайлбарлаж, танил аялгууг цоо шинэ мэдрэмжээр сонсогчдод хүргэж буйд бий аж. Эдгээр бүтээлийг Монголын жазз хөгжмийн нэрийн хуудас болсон “Баянмонгол” чуулгатай хамтран бүтээсэн бөгөөд эх бүтээлийн уран сайхны үнэ цэнэ, аялгууны онцлогийг хадгалахын зэрэгцээ жазз хөгжмийн чөлөөт илэрхийлэл, орчин үеийн найруулгын шийдлээр баяжуулжээ.
Нэгэн үеийн сонсогчдын дурсамж, сэтгэлд хоногшсон дуунууд ийн шинэ үеийн хөгжмийн мэдрэмжтэй огтлолцож, өөр өөр насны сонсогчдод хүрэх боломж бүрдсэн байна.
Монголын хөгжмийн өвийг зөвхөн хадгалж үлдэх бус, шинэ цагийн хөгжмийн урсгал, чиг хандлагатай уялдуулан баяжуулж, дараагийн үед өвлүүлэх нь урлагийн үнэ цэнийг улам нэмэгдүүлэх чухал алхам билээ. Энэ утгаараа “Khuree Jazz Vol.1” нь дуучин Наагийгийн уран бүтээлийн замнал дахь шинэ өнгө төрх төдийгүй Монголын сонгодог дуунуудыг шинэ хөгжмийн орчинд таниулах сонирхолтой бүтээл болсон байна.
Хуучны танил аялгуу шинэ хэмнэлээр эгшиглэж, Монгол дууны үнэ цэнэ цаг хугацаанаас үл хамааран оршдогийг дахин мэдрүүлэх “Khuree Jazz Vol.1” пянз ийнхүү сонсогчдын хүртээл боллоо.









Э.ЭГШИГЛЭН