УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж байна. Үүнээс өмнө УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, төсвийн зарим зардлыг бууруулах, тодорхой төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 2026 оны түвшинд барих зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Учир нь, Засгийн газраас 2027 оны төсвийн төсөл боловсруулахдаа Оюутолгой төслөөс орох гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн нэг их наядыг Үндэсний баялгийн санд хуримтлуулж, үлдсэн хоёр их наядыг боловсрол, эрчим хүчний салбарт зарцуулахаар төлөвлөсөн. Гэвч ногдол ашгийг иргэдийн хуримтлалд төвлөрүүлэх буюу Хуримтлалын санд байршуулах нь зүйтэй гэсэн олон нийтийн санал давамгайлсан тул холбогдох хуулийн төслийг татан авсан. Үүнтэй холбоотойгоор 2027 оны төсвийн төсөлд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага үүсжээ.
2027 оныд нийт 497 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, арга хэмжээг төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд үүнд голчлон эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд багтаж байгаа аж.
Дээрх өөрчлөлт, зохицуулалтыг тусгаснаар Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 39 их наяд 280 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нийт тэнцвэржүүлсэн зарлагыг 41 их наяд 584.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.1 хувь байхаар тооцжээ. Харин төсвийн нийт алдагдлыг 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцүүлэхээр төлөвлөсөн байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалт болон иргэдэд чиглэсэн бодлогын асуудлаар асуулт тавьж, Сангийн сайдаас хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд Хуримтлалын сангаас ипотекийн зээлийн үндсэн эх үүсвэр гаргахгүй, харин зээлийн хүүгийн татааст 198 тэрбум төгрөгийг 2027 оны төсөвт тусгасан гэж ойлгож болох эсэхийг тодрууллаа.
Сангийн сайд З.Мэндсайхан "Хуримтлалын сангаас ипотекийн зээл олгох асуудлаар Засгийн газар нэгдсэн шийдэлд хараахан хүрээгүй байна. Мөн Монголбанктай эцэслэн тохиролцоогүй байна. Харин Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд нийт 1.8 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгож, 16 мянган өрхийг орон сууцанд хамруулах бодлого тусгасан” хэмээн хариуллаа.
Э.ЭГШИГЛЭН