УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үдээс хойш Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэлэлцэх хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын тав хоногийн засварлага авах хүсэлт гаргав.
Үргэлжлүүлэн Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Энэ бол их гоё зорилт ярьснаа яг эсрэгээр нь оруулж ирж байгаа хууль. Өөрөөр хэлбэл, Усны тухай хуулийн 22.2.1-т онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай дэд бүтцээс бусад барилга байгууламж барихыг хориглочихсон заалт бий. Гэтэл нийтийн зориулалттай дэд бүтэц гэсэн хэсгийг нь хасчихаар бүх төрлийн барилга байгууламж барихыг хориглож байгаа юм.
Энд модон гүүр ч барьж болохгүй. Өнөөдөр харамсалтай нь явж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ч зогсоох нөхцөл байдал руу оруулж байна. Эдийн засаг, хөгжлийн яам дээр өнөөдөр Байдраг 30 МВт-ын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр сонгон шалгаруулж байгаа. Энэ амжилтгүй болох юм байна.
Хууль санаачлагчдын тайлбараар 22.4-өөр нь буюу хоёр сайдын баталсан журмаар энэ дэглэмийг зохицуулна гэж байгаа юм. Хуулиар хориглочихсон заалтыг Засгийн газрын хоёр гишүүн байсан ч, 20 гишүүн байсан ч давж зохицуулалт хийх боломжгүй. Өмнө нь ингэж хүчээр шийдээд яваад байсан зүйлийн хуулийн зөрчлийг нь гаргаж ирсэн байхгүй юу.
Одоо бүх төрлийн байгууламж барихыг нь хориглочихоор гүүр барьж болдоггүй, усан цахилгаан станц барьж болдоггүй, үерийн байгууламж барьж болдоггүй. Ийм хууль оруулж ирчхээд усаа хамгаалах гэж байна гээд худлаа яриад, том эрчим хүчний эдийн засгийн сэргээгдэх усан цахилгаан станцуудын ажлыг зогсоохоор цаана нь ийм зүйл яваад байх шиг байна" гэв.