УИХ-ын чуулганы 2026 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан энэ оны долоодугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр төсөвт үзүүлэх санхүүгийн нөлөөллийн асуудал анхаарал татав.

УИХ-ын дарга С.Бямбацогт хуулийн төслийг хэрэгжүүлснээр улсын төсвийн зардал 65.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоог Сангийн яам гаргаж, холбогдох байнгын хороонд танилцуулсныг онцолсон юм.

Тэрбээр "Хууль санаачлахдаа Засгийн газрын саналыг авч, төсөвт үзүүлэх нөлөөллийг урьдчилан тооцох ёстойг сануулаад, хэрэгжүүлэх санхүүгийн боломжгүй хууль баталж, улсын төсөвт дааж давшгүй ачаалал үүрүүлж болохгүй" гэв.

Засгийн газрын саналыг Сангийн сайдыг төлөөлөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулахдаа, хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төрийн байгууллагад 65.7 тэрбум, хуулийн этгээдэд 18.2 тэрбум төгрөгийн зардал үүсэхээр тооцсон боловч эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгаатай холбоотой зохицуулалтын санхүүгийн нөлөөллийг бүрэн тооцоогүй, тодорхойгүй байгааг мэдэгдлээ.

Түүнчлэн уг хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд тусгаагүй тул нийт санхүүжилтийн хэрэгцээг нарийвчлан тогтоож, цаашдын төсвийн орлогын боломжтой уялдуулан үе шаттай хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ.

Чуулганы эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт Оюутолгойн төслийн өгөөжийг иргэдэд хүртээх асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Оюутолгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөгийг хувийн дансанд нь шилжүүлэх тухай нийтийн цахим өргөдөл 100 мянган хүний дэмжлэг авсныг онцолж, Үндсэн хуульд заасан байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүй үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх зарчмын хүрээнд УИХ уг асуудлыг хариуцлагатай хэлэлцэх ёстой" гэв.

Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд байгуулагдсанаас хойш Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон шийдвэр гаргаж ирснийг дурдаад, 2037 онд авах байсан ногдол ашгийг 10 жилээр наашлуулах шийдвэр гаргасныг онцоллоо.

Одоо Засгийн газар уг тохиролцоог албан ёсны гэрээгээр баталгаажуулах шаардлагатай бөгөөд иргэдийн өргөдлийг УИХ холбогдох байнгын хороод, ажлын хэсгээр яаралтай хэлэлцүүлж, эдийн засаг болон иргэдэд үр өгөөжтэй шийдвэр гаргах хэрэгтэйг тэмдэглэв.

Үүний зэрэгцээ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан горимын саналыг гишүүдийн 56.8 хувийн саналаар дэмжиж, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх асуудлын дарааллын гуравдугаар байрнаас хоёрдугаарт шилжүүлжээ.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар мөн Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Харин Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд УИХ-ын гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.