Нэрт жүжигчин Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын зургаа дахь ангид Жек Спарроугийн дүрээр эргэн тоглох эсэхээ одоогоор эцэслэн шийдээгүй ч уг төсөлд оролцож магадгүйгээ цухуйлгажээ.
Тус цувралын хамгийн сүүлд гарсан “Карибын тэнгисийн дээрэмчид: Үхсэн хүмүүс үлгэр ярьдаггүй” кино 2017 онд нээлтээ хийснээс хойш үзэгчид дараагийн ангийг нь олон жил хүлээж буй.
Цувралын шинэ анги хийгдэх нь тодорхой болсон ч Депп өөрөө уг кинонд тоглохоо одоогийн байдлаар баталгаажуулаагүй байгаа аж.
Жүжигчин саяхан "Entertainment Tonight" хэвлэлд өгсөн ярилцлагадаа эргэн ирэх боломжийн талаар ярьжээ. Тэрбээр зургаа дахь ангид тоглоно гэдгээ шууд хэлээгүй ч цувралын продюсер Жерри Брукхаймерын хүсэлтийг хэзээ ч няцаахгүйгээ илэрхийлсэн байна.
Депп “Хэрэв ‘Карибын тэнгисийн дээрэмчид’ цувралыг хэрхэн төгсгөх тухайд бүх зүйл яг байх ёстой байрандаа байж чадвал... Миний оролцохыг хүсэж буй цорын ганц зүйл бол энэ цувралыг илүү сайхан төгсгөлд хүргэх явдал” хэмээн ярьжээ.
Тэрбээр цааш нь “Би Жерри Брукхаймертай маргааш ч хамтран ажиллахад бэлэн. Юу ч байсан хамаагүй. Жерри л бол би түүнд итгэнэ. Бидний нөхөрлөл маш гүн гүнзгий” гэжээ.
Өмнө нь продюсер Жерри Брукхаймер "Entertainment Weekly" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дараагийн кинонд оролцох талаар Жонни Депптэй ярилцсан талаар мэдэгдэж байсан аж.
Тэрбээр “Хэрэв дүрийн зохиол түүнд таалагдвал тоглох байх гэж бодож байна. Бүх зүйл зохиол дээр л шийдэгдэнэ гэдгийг бид бүгд мэднэ. Бид одоо ч зохиол дээр ажиллаж байна.
Киногоо хийхийг хүсэж байгаа. Гагцхүү сайн зохиол хэрэгтэй. Одоогоор хараахан бэлэн болоогүй ч бид зорьсондоо нэлээд ойртсон” хэмээн ярьжээ.
Үүний зэрэгцээ Брукхаймер “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын шинэ төсөлд жүжигчин Марго Робби оролцож буйг саяхан баталсан байна. Түүнийг эмэгтэй гол дүртэй спин-офф буюу салбар бүтээлээс хасагдсан гэх таамаг өмнө нь гарч байв.
Гэвч продюсер The Wrap хэвлэлийн “The Grill” арга хэмжээний үеэр энэ талаар тодруулахад Робби уг төсөлд хэвээр байгааг онцолжээ.
Брукхаймер “Бид зохиол дээр ажиллаж байна. Бүх зүйл зохиол дээр л шийдэгддэг. Зохиол дээр байхгүй бол дэлгэцнээ гарахгүй шүү дээ” гэж хэлсэн байна.
Тэрбээр мөн “Нэг хэсэгтээ бид хоёр өөр зохиолтой байсан. Дараа нь нэг нь хасагдаж, нөгөө дээр нь үргэлжлүүлэн ажиллахаар болсон” гэжээ. Харин Марго Робби уг төслөөс гарсан эсэхийг асуухад “Үгүй ээ, тэр оролцсон хэвээр байгаа” хэмээн хариулсан байна.
Эх сурвалж: UNILAD