Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны арваннэгдүгээр сарын 3-нд Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нартай уулзах үеэрээ "Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд шууд хүртээх ёстой" гэсэн утгатай байр суурь илэрхийлээд буй.
Тэрбээр “Оюу толгойн ногдол ашиг болох 3 их наядаас орж ирсэн тухай бүрд нь иргэдийн дансанд шилжүүлэх нь зүйтэй” гэж мэдэгдсэн. Мөн нийтийн өргөдөл, гомдлын системд 100 мянга гаруй иргэн ногдол ашгаа шууд хүртэх санал гаргасныг дурджээ.
Үүнээс гадна баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлага гэж үзсэн, мөнгийг хэзээ, хэрхэн иргэдийн дансанд шилжүүлэх асуудлыг Засгийн газар хууль эрх зүйн хүрээнд зохицуулах шаардлагатайг онцолжээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Ерөнхийлөгчийн байр сууринд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр "Засгийн газар одоо хуулиа дагаж ажиллахаар болсон бол зөв хэрэг. Гэхдээ цаашид хариу арга хэмжээ нь нэлээд хатуу байх болов уу гэж бодож байна. Засгийн газрыг огцруулах, цаашлаад УИХ-ыг тараах чиглэлд ч хөдөлж магадгүй. Би тэгж л харж байна.
Ерөнхийлөгчийн сая илэрхийлсэн байр суурийг хараарай. Өөрсдийнх нь зүгээс ч энэ нь тодорхой чиглэл, шийдвэр биш, ерөнхийдөө санаа бодлоо илэрхийлсэн хэрэг гэж тайлбарлаж байсан.
Та бүхэн Оюун-Эрдэнийн Засгийн газар нэг цүнхний асуудлаас болж огцорсныг санаж байгаа байх. Тодруулбал, бэр нь орлогоо нотолж чадаагүй гэх асуудлаар Засгийн газрыг огцруулсан. Тухайн үед Засгийн газар болон УИХ-ын асуудал нэгэн зэрэг хөндөгдөж, Монголын улс төрийн түүхэнд урьд өмнө болж байгаагүй үйл явдал өрнөсөн шүү дээ. Тэр шөнө Ерөнхийлөгч өөрөө УИХ-д орж ирж, үйл явцад нөлөөлсөн.
Тиймээс Ерөнхийлөгчийн дараагийн алхам ч иймэрхүү чиглэлтэй байх болов уу. Урьдчилж хэлэхэд, Засгийн газарт хариуцлага тооцох, эсвэл УИХ-ыг тараах асуудлыг хөндөж магадгүй.
Ерөнхийлөгч гэдэг хүн зүгээр нэг сууж байгаад Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайдыг дуудаж авчраад “Би ингэмээр байна” гэж хэлдэг хүн биш. Цаанаа тодорхой зорилго, тооцоо, дараагийн алхамтай байдаг. Та бүхэн өөрсдөө ажиглаарай.
Өнөөдөр Ерөнхийлөгчтэй холбоотой мэдээлэл өгсөн хүмүүс, түүний өмч хөрөнгийн талаар мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд хүртэл шоронд орж байна гэх асуудал яригдаж байна. Бид бүгдээрээ үүнээс эмээдэг болчихсон. Уг нь ардчилсан нийгэмд ийм байж болохгүй.
Өмнө нь Элбэгдоржийн Засгийн газрын үед ч иймэрхүү нөхцөл байдал үүсэж байсан. Биднийг “Цензургүй яриа” нэвтрүүлэг хөтөлж байх үед Улсын ерөнхий прокурор хүртэл өрөөндөө чөлөөтэй ярьж чадахгүй, ариун цэврийн өрөөндөө орж, усны цоргоо нээж байгаад ярьдаг хэмжээнд хүрсэн тухай яригдаж байсан. Одоо ч энэ хүний үед яг ийм байдал давтагдаж байна гэж би бодож байна.
УИХ-ын гишүүдийн дийлэнх нь айдастай байгаа. Та нар гишүүдээс очоод “Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг буруу гэж бодож байна уу?”, “Ерөнхийлөгч огцрох ёстой гэж үзэж байна уу?” гээд асуугаад үз. Ихэнх нь ил тод хариулахгүй.
Энэ хүний ааш авир, үйлдэл хяналтаас гарч, дарангуйлагчийн шинжтэй болж, өөрийнх нь эсрэг дуугарсан хүмүүсийг барьж хорьдог боллоо гэж би үзэж байна.
Саяхан Хаянхярваа гишүүний бичлэг ч гарсан байна лээ. Хаянхярваа гишүүн шоронд ороод л улс төрийн замналаа дуусгасан. Ж.Мөнхбат гишүүнийг санаж байна уу? Жамьянгийн Мөнхбат. Одоо сураггүй, нам гүм болсон. Хүрэлсүхтэй маш их зөрчилдөж байсан хүн шүү дээ. Өнөөдөр амьдрал нь ямар байгааг ч мэдэхгүй шахам боллоо. Улс төрд байр сууриа илэрхийлснийхээ төлөө хүмүүс ийм байдалд орж болохгүй.
Эцэст нь хэлэхэд, хамгийн олон хүнийг айлгасан хүн эцэстээ өөрөө хамгийн олон хүнээс айдаг юм. Энэ бол улс төрийн амьдралд давтагддаг жам. Түүх ч үүнийг харуулдаг. Намбарын Энхбаярын улс төрийн төгсгөл, Хүрэлсүхийн улс төрийн төгсгөл ч адилхан байхыг үгүйсгэхгүй.
Тэр хүн хуулиа өөрчлөөд, дахин Ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй. Гэхдээ өөрөө өмнө нь илэрхий хэлсэн шүү дээ. Хурал дээр орж ирээд дахин нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж байсан.
Гэхдээ би тэр хүний үгэнд ерөөсөө итгэдэггүй. Та бүхэн Хүрэлсүхийн үгэнд итгэж байгаа бол буруу шүү. Би хувьдаа хэзээ ч итгэдэггүй" гэв.
С.МАНДАХ