Монголын рок хөгжмийн домог, Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг угтан тайзны урлагт тэсрэлт хийх “Норсон зүрх” бүрэн хэмжээний рок-мюзиклийг үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж буй.
Монголын театрын урлагт шинэ стандарт тогтоох зорилготой тус бүтээлийн албан ёсны хэвлэлийн бага хурал өнөөдөр (2026.11.04) болж, төслийн дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэлээ.
Олон улсын жишиг, техникийн шинэ шийдэл
“Норсон зүрх” мюзикл нь олон улсын театрын үйлдвэрлэлийн стандарт, мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжиж буй томоохон төсөл юм. Уг бүтээл нь:
• Амьд хөгжмийн нүсэр дуугаралт,
• Дуучид, жүжигчдийн чадварлаг жүжиглэлт,
• Өвөрмөц бүжиг, тайзны хөдөлгөөн,
• Гэрэлтүүлэг болон орчин үеийн техникийн цогц шийдлийг нэг дор нэгтгэснээрээ үзэгчдэд урьд өмнө байгаагүй хараа, сонсголын дээд таашаалыг мэдрүүлэхийг зорьжээ.
Залуу үеийн авьяас ба дөрвөн сарын бэлтгэл
“Хурд” хамтлаг энэхүү бүтээлээрээ дамжуулан залуу уран бүтээлчдийг дэмжиж, тэдэнд том тайз хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдлээ. Мюзиклийн гол дүрүүдэд шинэ үеийн залуу артистууд тоглох бөгөөд тэд өнгөрсөн долдугаар сараас эхлэн бэлтгэлдээ оржээ. Өдгөө жүжгийн уншлага болон тайзны үндсэн бэлтгэлүүд тун эрчимтэй үргэлжилж буй юм байна.
Салбарын шилдэг “Мастерууд” нэгдсэн баг
Уг төслийг Монголын соёл, урлагийн салбарын хамгийн нөлөө бүхий, чадварлаг уран бүтээлчид удирдан чиглүүлж байгаа ажээ.
Удирдлага, продюсингийн баг:
• Санаачлагч: Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг
• Ерөнхий продюсер: МУГЖ, хамтлагийн гитарчин Д. canОтгонбаяр
• Продюсер: ИБУИНХУ дахь Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа
• Төслийн менежер, гүйцэтгэх продюсер: О.Мөнхтуул
Уран бүтээлийн баг:
• Ерөнхий найруулагч: “Про” театрын найруулагч, жүжигчин Б.Даваасүрэн
• Уран сайхны удирдаач: “Про” театрын захирал, найруулагч Б.Анхбаатар
• Хөгжмийн найруулагч: МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Чинбат
• Зохиолч: Х.Чойдогжамц
• Төслийн зөвлөх: Төрийн шагналт, МУУГЗ, найруулагч Н.Наранбаатар
Э.ЭГШИГЛЭН