Засгийн газрын 2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн хохирлыг арилгах, зэрлэг амьтдыг хамгаалах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах болон дахин төлөвлөлтөд хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдаваа нар мэдээллээ.

Нөмрөгийн дархан цаазат газарт түймэрт өртсөн ан амьтдад өвс, тэжээл хүргэхэд 629 сая төгрөг зарцуулна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын мэдээлснээр, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоох ажлын хэсэг хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна. Хуульд заасан хугацааны дагуу хохирлын эцсийн үнэлгээг арваннэгдүгээр сарын 16-ны дотор гаргах ёстой бөгөөд ажлын хэсгийн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хээрийн судалгааны ажил дуусаж, эхний тайлангаа яамны удирдлагуудад танилцуулжээ.

Түймрийн улмаас нийт 468 мянган га талбай шатсан бөгөөд харьцангуй бага хэмжээний газар нутаг түймэрт өртөлгүй үлдсэн байна. Судалгааны багийн мэдээллээр, уг бүсэд зэрлэг амьтдын нягтаршил өндөр байгаа аж. Иймд өвөлжилт эхэлж, цас орсны улмаас идэш тэжээлийн хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ан амьтдыг өвс, тэжээлээр хангах биотехникийн арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн байна.

Мөн Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиглэл өгч, Засгийн газрын тогтоол гаргажээ. Үүний хүрээнд тус аймгуудад өвс, тэжээл бэлтгэсэн иргэн, аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн өвс бэлтгэлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн шаардлагатай машин, техник хэрэгслийн бэлтгэлийг хангаж, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллах аж. Түймэрт өртсөн бүс нутгийн гүн рүү долоон цэгээр өвс, тэжээл хүргэх биотехникийн арга хэмжээний төлөвлөлтийг гаргаж, холбогдох бэлтгэл ажлыг эхлүүлжээ.

Сайд Ц.Сандаг-Очирын хэлснээр, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулж, сүүлийн 3-4 хоногийн хугацаанд холбогдох арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд тогтмол мэдээлэл өгч байгаа аж.

Мөн түймрийн үед хариуцлага алдсан зарим албан тушаалтанд хариуцлага тооцох, шаардлагатай шуурхай арга хэмжээг авах хэрэгтэйг онцоллоо. Үүнээс гадна гал түймэр унтраах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгааг мэдээлэв.

Цаашид хил орчмын заставууд, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад зэрэг байгууллагын техник, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байгааг дурдсан юм. Энэ хүрээнд дотоод, гадаадын төсөл, хөтөлбөр, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах, эрдэм шинжилгээний төв байгуулах асуудлыг чухалчилж байгаагаа илэрхийллээ.

Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зарим албан тушаалтныг чөлөөлсөн шалтгааны талаар сэтгүүлчид асуухад тэрбээр аудитын байгууллагаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт нэлээд олон албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг хүргүүлсэн талаарх мэдээлэл байгааг хэлэв.

Үүний дагуу Ерөнхий сайд аудитын дүгнэлтэд дурдагдсан албан тушаалтнуудад холбогдох арга хэмжээ авах үүрэг, чиглэлийг салбарын сайд нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн байна. Харин хариуцлага тооцох үндэслэл, шалтгааныг аудитын дүгнэлтэд тодорхой тусгасан гэдгийг онцолжээ.

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган өрхийн янданг буулгана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдаваа нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд энэ өвөл 7-10 мянган өрхийн янданг буулгах зорилт тавин ажиллаж байгааг мэдээллээ.

Энэ ажлыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэх бөгөөд айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүч, цахилгаан халаагуур, дулаан хуримтлуур зэрэг технологид шилжүүлэх замаар уламжлалт яндангийн хэрэглээг бууруулахаар төлөвлөжээ. Иргэдэд санал болгох технологи, шийдлүүдийг арваннэгдүгээр сарын 20-нд Төв талбайд танилцуулах юм байна.

Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийг сайжруулах, эрчим хүчний эх үүсвэр болон шугам сүлжээний өргөтгөлийг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаа аж.

Түүний хэлснээр, өнөөдрийн байдлаар гэр хорооллын дэнжийн бүсэд амьдарч буй айл өрхүүдийн цахилгааны хүчдэл шөнийн цагаар унаж, ахуйн цахилгаан хэрэгслээ хэвийн ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Тухайлбал, цахилгаан плиткаар хоол буцалгах, гар утсаа бүрэн цэнэглэхэд хүндрэлтэй байгаа талаар иргэд мэдээлжээ.

Иймд нарны эрчим хүч ашиглан нэмэлт эх үүсвэр бий болгох, гэр хорооллын цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслүүдийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн томоохон цахилгаан станц барихтай харьцуулахад богино хугацаанд байгуулах боломжтой жижиг оврын батарей хуримтлуурыг Шар хад, Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа, Толгойт, Дарь-Эх гэсэн зургаан байршилд байгуулахаар төлөвлөжээ.

Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 5000 өрхийг хийн зууханд шилжүүлэх ажил үргэлжилж байгаа нь агаарын чанарт тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлж байгааг мөн дурдлаа.

Түлшний нөөцийн тухайд, энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш, 180 мянган тонн шахмал түлш бэлтгэсэн байна. Өмнөх жилүүдэд шахмал түлшийг хуучин мидлингээр үйлдвэрлэдэг байсан бол энэ жил “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн угааж баяжуулсан нүүрсийг ашиглаж байгаа аж. Ингэснээр тоосжилт болон хүхрийн агууламж багатай түлш үйлдвэрлэж, борлуулж эхэлжээ.

Мөн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдлын хорт бодисын хэмжээ 10-14 хувиар буурсан гэх олон улсын мэргэжлийн байгууллагын тооцоо гарсныг хотын дарга мэдээлэв.

Цаашид агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд утаа хамгийн ихтэй зургаан бүсэд амьдарч буй 73 мянган өрхийн тодорхой хэсгийг цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд эхний ээлжид 7-10 мянган өрхийн янданг буулгах юм.

Дахин төлөвлөлтөд хохирсон 2000 орчим иргэнийг орон сууцжуулах асуудлыг шийдвэрлэнэ
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй, урт хугацааны шийдэл нь гэр хорооллын дахин төлөвлөлт болон иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг дэмжих явдал гэдгийг Б.Пүрэвдаваа онцоллоо.

Гэвч дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 2000 орчим иргэн байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон нийслэлийн удирдлагууд хамтран хохирсон иргэдийг орон байртай болгох, хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна.

Тухайлбал, “Андын зам”, “Бриллиант” компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор хохирсон иргэдийг улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй 1008 айлын орон сууцны төсөл, “Солонго 1, 2” орон сууцны хорооллын төсөлд хамруулах замаар орон сууцтай болгохоор төлөвлөжээ.

Мөн цаашид зогсонги байдалд орсон дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар, хэсэгчилсэн төлөвлөлтийн зарчмаар хэрэгжүүлэх аж. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх замаар иргэдийг орон сууцжуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээллээ.