Бен Стиллер “Zoolander” кинонд өөрийн алдарт Blue Steel гэх өвөрмөц харцаа төгс гаргаж чадсан бол түүний эхнэр Кристин Тейлор нөхөртэйгөө хамт уг кинонд ажиллахдаа инээдмийн жүжиглэлтийн жинхэнэ мастер ангиас суралцсан ажээ.
Арваннэгдүгээр сарын 2-нд болсон “Three’s Company” телевизийн цувралын 50 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр 55 настай жүжигчин бүсгүй 2001 оны инээдмийн кинонд нөхөр Стиллертэйгээ хамтран тоглосон дурсамжаа эргэн хуваалцжээ. Тэр үед тэд дөнгөж гэрлээд байсан аж.
Тейлор PEOPLE сэтгүүлд “Бурхан минь, бид хоёр дөнгөж гэрлээд байсан шүү дээ. Миний хувьд үнэхээр л мастер анги байсан. Би өмнө нь хэд хэдэн кинонд тоглож байсан. Мөн Бентэй хамтран нэгэн телевизийн туршилтын ангид ажиллахдаа түүнийг найруулагчаар нь ажиллаж байгааг харж байсан. Гэхдээ Бен өөрөө гол дүрд нь тоглож, бас найруулж байсан бүрэн хэмжээний кинонд түүнтэй хамтран ажилласан минь анхны тохиолдол байлаа” хэмээн ярьжээ.
Кристин Тейлор, Бен Стиллер нар 1999 онд “Heat Vision and Jack” телевизийн туршилтын ангид хамтран ажиллах үеэрээ анх танилцсан аж. Улмаар 2000 оны тавдугаар сард гэрлэж, “Zoolander” зэрэг хэд хэдэн төсөлд хамтран ажилласан байна.
Тэд Эла болон Куинлин хэмээх хоёр хүүхэдтэй бөгөөд хосууд хувийн амьдралынхаа туршид төдийгүй уран бүтээлийн талбарт ч хамтран ажилласаар иржээ. “Zoolander” кинонд Стиллер Дерек Зуландер хэмээх гэнэн, ухаан муутай ч загварын ертөнцөд алдартай эрэгтэй моделиос дүр бүтээдэг. Түүний карьер санаанд оромгүй байдлаар өөрчлөгдөж, Малайзын Ерөнхий сайдыг хөнөөх хуйвалдаанд санамсаргүйгээр татагдан ордог.
Уг инээдмийн кинонд Оуэн Уилсон загвар өмсөгч Ханселийн дүрд тоглосон бол Кристин Тейлор сэтгүүлч Матильда Жеффрисийн дүрийг бүтээжээ. Тейлорын сэтгэлд олон жилийн турш тодхон үлдсэн нэгэн онцгой хэсэг бий гэнэ.
Тейлор “Дерек, Хансел хоёр Матильдатай хамт цай ууж суунгаа түүнийг бага зэрэг чөлөөтэй, өөртөө итгэлтэй байлгахыг хичээдэг хэсэг л миний сэтгэлд хамгийн тод үлдсэн. Тэр үед Матильда багадаа сэтгүүлийн нүүрэн дээр гардаг бүх моделиудыг хараад өссөн тухайгаа ярьдаг юм” хэмээн дурсжээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Ялангуяа тэр хэсгийг би маш тод санадаг. Бен, Оуэн хоёр хэрхэн хамтран ажиллаж байгааг харах үнэхээр сонгодог жишээ болсон хэсэг л дээ. Тэд энгийн үедээ яг л өөрсдийнхөөрөө, бидний мэдэх жирийн Бен, Оуэн байдаг. Харин жүжиглэж эхлэх мөчдөө л огт өөр хүмүүс мэт дүрүүддээ шууд хувирчихдаг байсан” гэжээ.
Тейлорын хувьд энэ кинонд ажилласан туршлага нь эргэн тойрныхоо авьяаслаг уран бүтээлчдээс инээдмийн жүжиглэлтийн олон арга барил суралцах сайхан боломж болсон байна. Тэр “Миний хувьд энэ бүхэн инээдмийн урлагийн тухай үргэлжилсэн нэгэн том хичээл байсан. Би олон жилийн турш хамтран ажилласан бүх уран бүтээлчдээсээ, тэр дундаа өөрийн нөхрөөсөө ч суралцсаар ирсэн” хэмээн ярьжээ.
Өдгөө “Zoolander” кино дэлгэцнээ гарсны 25 жилийн ой тохиож буй энэ үед Тейлор уг бүтээл өнөөг хүртэл хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэнд гайхаж, баярлаж явдгаа нуугаагүй байна. Тэр “25 жил өнгөрсөн гэхэд итгэмээргүй юм. Гэхдээ үнэхээр сэтгэл хөдөлгөм байна. Энэ чинь л ‘Zoolander’ шүү дээ. Домог болсон бүтээл!” хэмээн тэр сэтгэл догдлон ярьжээ.
Эх сурвалж: PEOPLE