АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн нэрийг "Трампын хоолой" болгон өөрчлөх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлжээ.

Тэрбээр дунд хугацааны сонгуулийн угтал болгон Охио мужид зохион байгуулагдсан Бүгд найрамдах намын цуглааны үеэр үг "Бид Ормузын хоолойг Трампын хоолой гэж дахин нэрлэх байх гэж бодож байна. Бид өмнө нь Мексикийн булан гэгддэг байсан буланг Америкийн булан гэж нэрлэсэн. Тиймээс хэзээ нэгэн цагт тэрхүү хоолойг Трампын хоолой гэж нэрлэх болно" хэмээн хэлжээ.

Түүнчлэн АНУ-ын удирдагч үргэлжлүүлэн "Бидэнд одоо булан бий, нуур ч бий. Одоо хоолойтой ч болж магадгүй юм. Бид үүнийг хийж магадгүй. Та нар намайг тоглож байна гэж бодож байна уу?

Намайг Мексикийн буланг Америкийн булан гэж нэрлэхэд тэд намайг тоглож байна гэж бодож байсныг та бүхэн мэднэ. 'Өө, энэ үнэхээр хөгжилтэй юм!' гэж тэд хэлж байсан ч би үүнийг хийнэ гэж хэлсэн, тэгээд л хийсэн" хэмээн нэмж тодотгосон байна.

Трампын хэлснээр, одоогийн байдлаар уг усан замаар долоон сарын өмнөхөөс илүү их хэмжээний газрын тос урсан гарч байгаа аж. Мөн тэрбээр Ирантай хийж буй мөргөлдөөн дууссаны дараа "бензин болон газрын тосны үнэ буурах болно" хэмээн үргэлжлүүлэн хэлжээ.

Өмнө нь Америкийн удирдагч Мексикийн булан болон Онтарио нуурыг тус тус "Америкийн булан", "Америк нуур" болгон өөрчлөх гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурж байв. Гэсэн хэдий ч Трампын дараах Ерөнхийлөгч нар эдгээр өөрчлөлтийг цуцлах гүйцэтгэх захирамжид зөрүүлэн гарын үсэг зурах боломжтой ажээ.

Эх сурвалж: TASS