Солонгос улс энэ баасан гарагаас эхлэн нэг жилийн хугацаатайгаар Монгол Улсын иргэдэд жуулчдын багийн виз (group tourist visas) олгох туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр болжээ.

Тус улсын Хууль зүйн яамнаас С-3-2 ангиллын визийг Улаанбаатар дахь БНСУ-ын Элчин сайдын яамнаас итгэмжлэгдсэн долоон аялал жуулчлалын компанийн аль нэгээр дамжуулан аяллаа төлөвлөсөн, хамгийн багадаа 5 хүнтэй багт олгох юм байна. Виз авсан иргэд тус улсад аялал жуулчлалын зорилгоор 15 хүртэл хоногоор оршин суух боломжтой ажээ. 

Хөтөлбөрийн гол онцлогууд

Зорилтот бүлэг: Энэхүү туршилтын хөтөлбөр нь голчлон байгууллагын урамшуулалт аялал (incentive trips), сургалт хариуцсан багийн аялал болон сургуулийн танилцах аялалд чиглэнэ. 

Хамрагдах орны тоо: Монгол Улс нь Хятад, Индонез зэрэг орнуудын адилаар тус багийн визний схемд хамрагдаж буй долоо дахь улс болж байна.

БНСУ-ын Цагаачлалын албанаас тус улсад нэвтрэх эрхээ хязгаарлуулсан, эсвэл өмнө нь визний хугацаа хэтрүүлж байсан иргэдийг уг хөтөлбөрт хамруулахгүй байх үүднээс оролцогчдыг урьдчилан сайтар шалгахаа мэдэгджээ.

Хэрэв аяллын багаас хэн нэгэн зөвшөөрөлгүйгээр багаа орхин үлдсэн тохиолдолд холбогдох зуучлагч аялал жуулчлалын компаниуд захиргааны шийтгэл хүлээх эрсдэлтэй аж. 

БНСУ-ын Хууль зүйн сайдын үүргийг гүйцэтгэгч Ли Жин Сү хэлэхдээ "Энэхүү туршилтын хөтөлбөр нь монгол иргэдийн БНСУ-д нэвтрэх журмыг хөнгөвчилж, хоёр орны иргэд хоорондын харилцаа болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тусална" гэж онцолсон байна.

Мөн тус яамнаас туршилтын үр дүнг үнэлсний дараа хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлэх эсэхийг шийдвэрлэх ажээ.