Оросын цэргүүд аравдугаар сарын 26-ны даваа гарагийн үдэш Украины нийслэл Киев хотыг баллистик пуужингаар дахин довтолжээ. Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний мэдээлснээр пуужингуудыг ОХУ-ын Брянск мужаас харвасан байна.
Нийслэл хотын дарга Виталий Кличко орон нутгийн цагаар 23:00 цагийн орчимд Телеграм сувгаараа дамжуулан хамгийн багадаа нэг хүн амиа алдаж, 10 хүн бэртэж гэмтсэн талаар мэдээлжээ. Түүний хэлснээр, эмнэлгийн ажилтнууд шархадсан есөн хүнийг эмнэлэгт хүргэснээс гурвынх нь биеийн байдал хүнд байгаа аж.
В.Кличко өмнөх мэдээлэлдээ хотын хоёр дүүрэг Оросын цохилтод өртсөн талаар дурджээ. Деснянск дүүрэгт метроны нэгэн өртөөний орчим болон нэгэн их сургуулийн оюутны дотуур байрны ойролцоо пуужин унасан бол Днепровск дүүрэгт орон сууцны бус барилга цохилтод өртсөн байна.
Мөн тус дүүргийн нэгэн эмнэлгийн хоёр тасгийн цонх хагарсан бөгөөд хотын даргын мэдээлснээр өвчтөнүүд болон эмнэлгийн ажилтнууд бэртэж гэмтээгүй байна. Халдлагын бусад уршгийг үргжлүүлэн тодруулж байгаа аж.
Киев хотын Цэргийн захиргааны мэдээлснээр, Деснянск дүүрэгт орон сууцны барилга эвдэрч сүйджээ. Урьдчилсан мэдээллээр, барилга дотор хүмүүс гарах аргагүй гацсан байж болзошгүй байгаа аж. Мэдээг нийтлэх үед халдлага үргэлжилж байсан бөгөөд үүнд тийрэлтэт нисгэгчгүй нисөх төхөөрөмжүүдийг (дрон) мөн ашиглаж байжээ.
Оросын зэвсэгт хүчин Харьков хотыг дахин бөмбөгдөв
Үүнээс хэдэн цагийн өмнө ОХУ-ын цэргүүд Харьков хот руу мөн довтолсон байна. Хотын дарга Игорь Терехов Телеграм сувгаараа "Новобаварск дүүрэг бөмбөгдөлтөд өртсөний улмаас хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн шархадлаа. Олон айлын орон сууц, хувийн байшингууд болон автомашинууд эвдэрч сүйрэв" гэж бичжээ.
Эх сурвалж: DW