Япон улсын Нагоя хотноо болж буй Азийн пара спортын наадамд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож байна.
Өнөөдөр пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрбээр тэмцээний сүүлийн оролдлогоор 246 кг-ыг амжилттай өргөж, дэлхийн рекорд эзэмшигч, Ираны тамирчин Альакбарыг нэг килограммаар илүүрхэн түрүүлэв. Ираны тамирчин 245 кг өргөснөөр мөнгөн медалийн эзэн болсон байна.
Ийнхүү Э.Содномпилжээ Азийн пара наадмаас гурав дахь медалиа хүртэж, хоёр дахь удаагаа аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр “Жакарта-2018” наадмаас алт, “Ханжоу-2022” наадмаас мөнгөн медаль хүртэж байсан бол “Нагоя-2026” наадмын аваргаар тодорсноор тивийн наадмын медалийн цуглуулгаа дахин нэг алтаар баяжууллаа.
Монгол Улсын баг тамирчид одоогийн байдлаар дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн хүснэгтийн 13 дугаар байрт жагсаж байна.
Монголын пара байт харвааны эмэгтэй баг маргааш хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.