BLACKPINK хамтлагийн Жэнни болон Австралийн Tame Impala уран бүтээлчийн хамтарсан “Dracula” дуу АНУ-ын Billboard Hot 100 жагсаалтад нэг байр ахиж, өмнө нь хүрч байсан хамгийн өндөр үзүүлэлтээ дахин давтлаа.
K-pop урсгалын BLACKPINK хамтлагийн гишүүн Жэнни болон Австралийн Tame Impala уран бүтээлчийн хамтарсан “Dracula” дуу Billboard Hot 100 жагсаалтын шилдэг тавд эргэн багтжээ.
Billboard-ын мягмар гарагт (АНУ-ын цагаар) нийтэлсэн мэдээллээр тус дуу өмнөх долоо хоногоос нэг байраар ахиж, 5 дугаар байрт бичигдсэн байна. Ингэснээр “Dracula” дуу жагсаалтад үзүүлж байсан хамгийн өндөр амжилтаа дахин давтжээ.
Мөн K-pop охидын Katseye хамтлагийн “Animal” дуу дөрвөн байр ахиж, Billboard Hot 100 жагсаалтын 28 дугаар байрт бичигдсэн байна. Түүнчлэн K-pop уран бүтээлчид Billboard 200 цомгийн жагсаалтад энэ долоо хоногт хэд хэдэн бүтээлээрээ багтжээ.
Энэ жагсаалтад Stray Kids хамтлагийн “This & That” цомог 35 дугаар байрт бичигдэж, K-pop уран бүтээлүүдээс хамгийн өндөр байр эзэлсэн байна. Харин Netflix-ийн хит анимейшн “KPop Demon Hunters”-ийн дууны цомог 37 дугаар байрт, Katseye хамтлагийн “Wild” цомог 38 дугаар байрт тус тус жагсжээ.
BTS хамтлагийн тав дахь бүрэн хэмжээний “Arirang” цомог Billboard 200 жагсаалтын 41 дүгээр байрт бичигдсэнээр тус чартад 30 дахь долоо хоногтоо дараалан багтаж байна. Үүнээс гадна Enhypen хамтлагийн “The Sin: Bliss” цомог 122 дугаар байрт байр сууриа хадгалсан бол Katseye хамтлагийн “Beautiful Chaos” цомог 176 дугаар байрт жагсжээ.
Эх сурвалж: YONHAP