“Улаанбаатар” олон улсын кино наадмын 18 дахь удаагийн хэвлэлийн хурал өчигдөр “Тэнгис” кино театрт боллоо. Тус кино наадам нь дэлхийн кино урлагийн өнөөгийн чиг хандлагыг тодорхойлж буй шилдэг бүтээлүүдийг сорчлон Монголын үзэгчдэд хүргэхийн зэрэгцээ үндэсний кино урлаг, уран бүтээлчдийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Мөн Улаанбаатар хотыг дотоод, гадаадын уран бүтээлчид, үзэгчдийг холбосон соёлын чухал талбар болгон хөгжүүлж, кино урлагаар дамжуулан нийгэм, эдийн засаг, урлаг, соёл, боловсролын салбарт эерэг нөлөө үзүүлэхийг зорьдог.
Энэ жилийн наадмын хүрээнд олон улсын уран сайхны болон баримтат нийт 18 киног зургаан өдрийн турш үзэгчдийн хүртээл болгоно. Хөтөлбөрт нээлтийн ёслол, нээлтийн кино үзвэрээс гадна “Үзэхийн хязгаар”, Монгол кино, олон улсын кино болон баримтат киноны тусгай үзвэрүүд багтжээ.
Түүнчлэн кино уран бүтээлчдийн уулзалт, хэлэлцүүлэг бүхий “Кино өдөрлөг” зохион байгуулж, наадмын төгсгөлд “Хангарди” шагнал гардуулах ёслол болох юм.
Нээлтийн киногоор “Фиорд” бүтээлийг сонгожээ
Наадмын Уран сайхны зөвлөлөөс нээлтийн киногоор Румын найруулагч Кристиан Мунжиугийн “Фиорд” бүтээлийг сонгосон байна. 2026 оны Каннын кино наадмын “Алтан дал мод” шагнал хүртсэн уг киног өчигдөр “Skywing” болон “Тэнгис” кино театрт толилуулав.

Монголын кино урлагийн сор бүтээлүүдийг өргөн дэлгэцээр хүргэнэ
Хэвлэлийн хурлын үеэр “Улаанбаатар” олон улсын кино наадмын захирал, Монголын Урлагийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл энэ жилийн наадамд Монгол киноны оролцоо нэмэгдэж, уран бүтээлчдийн идэвх сайжирсныг онцолсон юм.
Тэрбээр Монголын кино урлагийн сор бүтээлүүдээс Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, театр, киноны найруулагч, зохиолч И.Нямгаваагийн уран бүтээлийг онцолж, түүний найруулсан “Нандин эрдэнэ” болон Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зураглаач, найруулагч Б.Балжиннямтай хамтран найруулсан “Гарын таван хуруу” киног өргөн дэлгэцээр толилуулах гэж буй талаар мэдээлэв.
Эдгээр бүтээлийг өнөөдөр англи хадмал орчуулгатайгаар үзэгчдэд хүргэх юм. Ингэснээр гадаадын уран бүтээлчид, Монгол Улсад амьдарч буй гадаадын иргэд төдийгүй Монголын кино урлагийн түүх, сор бүтээлүүдтэй танилцахыг хүссэн хэн бүхэн үндэсний кино урлагийн өвтэй эх хувилбараар нь, өргөн дэлгэцээр танилцах боломж бүрдэж байна.
Энэ жилийн “Хангарди” шагналыг шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг зохиолч, шилдэг зураглаач, шилдэг зураач гэсэн зургаан номинацаар гардуулна. Мөн наадмын хөтөлбөрт багтсан олон улсын уран сайхны болон баримтат кино, нээлтийн бүтээлүүдээс үзэгчдийн нэрэмжит шагналын эзнийг тодрууллаг уламжлалтай.
Монголын кинонуудад хотжилт, нүүдэлчин амьдралын зөрчил, гэр бүлийн харилцаа түлхүү хөндөгджээ
Энэ жилийн монгол киноны уралдаант хэсгийн шүүгчээр ажиллаж буй Бүгд Найрамдах Эстони Улсын “Allfilm” компанийн продюсер Пиллэ Рюнк Монголын уран бүтээлчдийн ирүүлсэн кино төслүүдийн онцлог, сэдэв, чанарын талаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр кино төслүүд төрөл жанр, уран сайхны шийдэл, хийцийн хувьд харилцан адилгүй, өөр өөрийн онцлогтой байсныг дурдаад, олон улсын кино наадмуудад оролцож байсан болон цаашид олон улсын тавцанд танилцуулах боломжтой бүтээлүүд байсныг онцолсон юм.
Мөн Монголын нийгэм, хүмүүсийн амьдралыг бодитоор харуулсан, дотоодын үзэгчдэд илүү ойр, хүртээмжтэй бүтээлүүд олон байсанд баяртай байгаагаа илэрхийлэв.
Пиллэ Рюнкийн ажигласнаар, Монголын кинонуудад хамгийн түгээмэл хөндөгдсөн сэдвүүдийн нэг нь хотжилт болон нүүдэлчин амьдралын зааг, тэдгээрийн хоорондын ялгаа байжээ. Түүнчлэн эцэг эх, хүүхдийн харилцаа, тусдаа амьдрах нөхцөл байдал, гэр бүлийн гишүүдийн хоорондын зай хөндийрөл зэрэг сэдэв олон бүтээлд ямар нэгэн хэлбэрээр туссан байна.
Тэрбээр эдгээр сэдэв олон улсын бусад кинонд Монголын кинонуудынх шиг түгээмэл ажиглагддаггүйг онцлоод, энэ нь Монголын кино урлагийн өвөрмөц шинж чанарыг илэрхийлж болох юм хэмээн үзжээ.
Мөн уран сайхны чанарын хувьд өрсөлдөхүйц сайн бүтээл олон байсан тул эцсийн сонголт хийхэд амаргүй байсныг дурдав. Түүний хэлснээр, кино бүтээлийг уран сайхны талаас нь үнэлж, шүүнэ гэдэг өөрөө хариуцлагатай, нарийн ажил юм. Энэ жилийн Монгол киноны хөтөлбөрт нийт таван бүтээлийг сонгосон байна.
Канн, Берлин, Торонтогийн кино наадмуудад танилцуулагдсан бүтээлүүдийг толилуулна
Олон улсын кино хөтөлбөрт Канн, Берлин, Торонто зэрэг дэлхийн нэр хүндтэй кино наадамд оролцсон шилдэг найман бүтээл багтжээ. Тухайлбал,
Нээлтийн “Фиорд” киноноос гадна 2026 оны Каннын кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн Павел Павликовскийн “Эцгийн нутаг”, Каннын кино наадамд өрсөлдсөн Асгар Фархадигийн “Зэрэгцээ түүхүүд”, Берлиний кино наадмын “Алтан баавгай” шагналд өрсөлдсөн “Рөүз” зэрэг бүтээлийг үзэгчдэд хүргэх нь ээ.
Мөн залуу найруулагчдын анхны бүрэн хэмжээний бүтээл болох “Бид хар гарагаас ирсэн” анимэ, “Үл таних охин”, “Вивалди бид хоёр”, Японы зохиолч Каваками Миекогийн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн “Дурласан бүхэн гүн шөнөөр” зэрэг киног хөтөлбөрт багтаажээ.
Уур амьсгалын өөрчлөлт, хүний амьдралын тухай гурван баримтат кино үзүүлнэ
Баримтат киноны хөтөлбөрт “Амьд үлдэх тэмцэл”, “Алдааны сайхан”, “Уулын нөмөр” гэсэн гурван бүтээлийг толилуулах юм. Эдгээр кино нь цаг үеийн чухал асуудлыг хөндөхийн зэрэгцээ дэлхий дахин болон Монголын нийгмийн амьдралтай холбоотой сэдвүүдийг хөнджээ. Тухайлбал,
“Амьд үлдэх тэмцэл” баримтат кинонд Монгол, Австрали, АНУ, Гренландын ард иргэд уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож буй талаар өгүүлдэг байна. Түүнчлэн Монголын говьд мод тарьж, ойжуулалтын ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Бараадууз агсны үйл хэрэг, хөдөлмөр зүтгэлийг онцлон харуулжээ.