АНУ-ын Небраска мужийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд чулуужсан олдвор хайж явсан зургаан настай хүү ер бусын олдвор олсон нь тус мужид сүүлийн 55 гаруй жилийн турш бүртгэгдээгүй ховор нээлт болжээ.
Лео Янгдал хүү зуны сүүлээр Небраска мужийн Гретна хотын ойролцоох Шраммын байгалийн амралт, зугаалгын бүсэд зохион байгуулсан рафтинг болон чулуу судлах арга хэмжээнд оролцож байсан аж.
Тэрбээр далайн сараана хэлбэрт амьтдын чулуужсан үлдэгдэл олохыг хүсэж байсан тул том чулуу олж хараад эргүүлж үзэхээр шийджээ. Энэ тухай Небраска мужийн Ан амьтан, цэцэрлэгт хүрээлэнгийн комиссын Outdoor Nebraska хэвлэл мэдээлсэн байна.
Небраска мужийн Игл хотод амьдардаг Лео чулууны доод талд ер бусын хээ байгааг анзаарчээ. Тэрхүү хээ нь могойн хэвлийн хайрстай төстэй санагдсан аж. Хүү олдвороо ойролцоох Шраммын боловсролын төвийн байгаль орчны сургалтын мэргэжилтэн Келли Экүүд үзүүлжээ. Экүе уг олдворыг хараад бусад олдвороос эрс ялгаатай болохыг тэр даруй анзаарсан байна.
Келли Экүе Outdoor Nebraska хэвлэлд “Би энэ чулуурхаг тогтоц дээр долоон жил гаруй сургалт явуулж байна. Бид энд үндсэндээ зургаан төрлийн чулуужсан олдвор олдог. Харин энэ олдвор бидний өмнө нь харж байсан ямар ч зүйлийнхтэй адилгүй байлаа” гэж ярьжээ.
:max_bytes(150000):strip_icc():focal(739x326:741x328):format(webp)/LeoYoungdahl-fossil-nebraska-101526-6-6df9592023ff48b5b397b3814414e4f0.jpg)
Олдворын хээ, дүрс тухайн цэцэрлэгт хүрээлэнгээс ихэвчлэн олддог чулуужсан үлдэгдлүүдээс том байсан аж. Мөн загас шиг харагдаж байсан ч энэ газрын чулуулгаас гол төлөв загас бус, далайн сээр нуруугүй амьтдын чулуужсан үлдэгдэл олддог байна.
Леогийн олсон зүйлийг яг ямар амьтных болохыг мэдэхгүй байсан Экүе олдворын зургийг геологичид руу цахим шуудангаар илгээжээ. Улмаар уг зургийг Небраскагийн их сургуулийн Улсын музейн палеонтологич Шейн Такер, геологич Боб Диффендал зэрэг мэргэжилтнүүдэд үзүүлсэн байна.
Эрдэмтэд 2.75 инч буюу ойролцоогоор 7 сантиметр хэмжээтэй чулуужсан олдворыг конуляриид (Conulariida) хэмээх эртний далайн амьтных болохыг тогтоожээ. Энэ амьтан медузтай төстэй зөөлөн биетэй бөгөөд доош харуулсан пирамид хэлбэрийн бүтэцтэй байсан аж.
Конуляриид нь одоогийн Небраска мужийн нутаг дэвсгэр болон дэлхийн бусад бүс нутагт ойролцоогоор 200-500 сая жилийн өмнө амьдарч байсан гэж үздэг. Эдгээр амьтны чулуужсан үлдэгдэл маш ховор байдаг аж. Учир нь, тэдгээр нь зөөлөн биетэй, нимгэн араг ясны бүтэцтэй байсан тул чулуужиж хадгалагдахаасаа өмнө амархан бутарч, задардаг байжээ.
Эрдэмтэд Леогийн олдворыг шохойн чулуун дээр хадгалагдан үлдсэн, загасны нурууны яс мэт зигзаг хэлбэртэй өвөрмөц хээгээр нь таньж тогтоосон байна.
Outdoor Nebraska хэвлэлийн мэдээлснээр, тус мужид үүнтэй төстэй конуляриидын чулуужсан олдвор өмнө нь зөвхөн Луисвилл болон Уипинг-Уотер орчмоос олдож байжээ. Эдгээр олдворыг 55 гаруй жилийн өмнө илрүүлсэн байна.
Экүе “Шраммын чулуурхаг тогтцод ийм олон чулуу байхад Лео яг энэ чулууг сонгож авсан төдийгүй түүнийг чулуужсан олдвор гэдгийг анзаарч, мэргэжилтнүүдээс асуухаар шийдсэн нь үнэхээр гайхалтай” гэж хэлжээ.
Леогийн хувьд энэ олдвор бас нэгэн шалтгаанаар онцгой байж. Тэр өмнө нь бүтэн хэлбэрээрээ хадгалагдсан чулуужсан олдвор олж байгаагүй бөгөөд ийм том олдвор бүр ч олж байгаагүй аж. Түүнд энэ олдворыг “мамонтын яснаас ч ховор тааралддаг” гэж хэлснийг хүү дурсан ярьжээ.
Олдвор музейд үлдэнэ
:max_bytes(150000):strip_icc():focal(708x399:710x401):format(webp)/LeoYoungdahl-fossil-nebraska-101526-2-8467a590fdd24649a2ac066b1d9014f0.jpg)
Лео олдвороо гэртээ авч явахгүй ч үүнд харамсахгүй байгаа аж. Олдвор Шраммын боловсролын төвд үлдэх бөгөөд ажилтнууд үүнийг цаашид сургалт, танин мэдэхүйн хөтөлбөрүүдэд ашиглахаар төлөвлөжээ.
Чулуужсан олдвор сонирхогч зургаан настай бяцхан Лео дараагийн нээлтээ хийхийг хэдийнэ тэсэн ядан хүлээж байгаа аж. Түүний дараагийн олдвор эртний амьтан, ер бусын чулуу, эсвэл гадаа явахдаа анхаарлыг нь татсан өөр ямар нэгэн зүйл ч байж болох нь.
Келли Экүе энэ нээлт бусад хүмүүст байгаль дэлхийгээ илүү анхааралтай ажиглах урам зориг өгнө гэж найдаж байгаа аж. Тэр “Зөвхөн ховор чулуужсан олдвор шиг том нээлтэд бус, жижигхэн зүйлсэд ч баярлаж, гайхаж сураарай. Сонирхолтой мөөг, хачирхалтай шавж, эсвэл үүлэн дундах өвөрмөц хээ ч байж болно” гэж хэлжээ.
Эх сурвалж: PEOPLE, OUTDOOR NEBRASKA
Эх сурвалж: