АНУ-ын Род-Айленд мужийн иргэн, 60 настай Рон Уоллес 1,432 тонн жинтэй аварга хулуу ургуулж, хамгийн хүнд хулууны дэлхийн дээд амжилтыг дахин шинэчилжээ. Guinness World Records байгууллагын мэдээлснээр, тэрбээр энэхүү амжилтаараа хамгийн том хулуу ургуулсан дэлхийн дээд амжилтыг гурав дахь удаагаа эзэмшиж байгаа аж.
Уоллес анх 2006 онд 1,502 фунт буюу 681 кг жинтэй хулуу ургуулж, дэлхийн дээд амжилт тогтоож байжээ. Харин 2012 онд түүний ургуулсан өөр нэг хулуу 2,009 фунт буюу 911 кг жинд хүрч, өмнөх амжилтаа ахиулсан байна.
Энэ удаагийн аварга хулуу нь 3,156 фунт буюу ойролцоогоор 1,432 тонн жинтэй бөгөөд түүхэнд анх удаа 3,000 фунт буюу 1,361 тонн-ын босго давсан хулуу болжээ.
“Энэ удаагийн амжилт надад илүү онцгой санагдаж байна”
Рон Уоллес аравдугаар сарын 10-нд дэлхийн дээд амжилтаа шинэчилсний дараа хулуу тариалагчидтай туршлага солилцох, ургалтыг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сайжруулах үйл явц өөрт нь хамгийн сонирхолтой байдгийг ярьжээ.
Тэрбээр өмнөх хоёр амжилтаа тухайн үедээ түүхэн үйл явдал байсан хэмээн дурдаад, энэ удаагийн амжилт өөрт нь илүү онцгой санагдаж буй талаар онцолсон байна.
Уоллес сүүлийн жилүүдэд хулуу ургуулах арга барилаа илүү шинжлэх ухаанч болгоход анхаарч, зарим жил амжилт тааруу байсан ч эцэст нь хөдөлмөрийнх нь үр дүн гарсанд баяртай байгаагаа илэрхийлжээ. Түүний ургуулсан аварга хулуугаар Талархлын баярын 3,000 гаруй бялуу хийх боломжтой гэж мэдээлсэн байна.

Долоо хоногийн дотор дэлхийн дээд амжилт хоёр удаа шинэчлэгджээ
Сонирхолтой нь, хамгийн том хулууны дэлхийн дээд амжилт ердөө нэг долоо хоногийн дотор хоёр удаа шинэчлэгдсэн байна. Аравдугаар сарын 3-нд Их Британийн хулуу тариалагч Иан Патоны ургуулсан хулуу 2,856 фунт буюу 1,295 кг-аас дээш жинтэй байжээ. Энэ нь цагаан хирснээс ч хүнд жинтэй гэсэн харьцуулалтыг Guinness World Records байгууллага хийсэн байна.
Иан Патон өмнө нь ихэр ах Стюартын хамт эзэмшиж байсан амжилтаа энэ удаа ганцаараа ургуулсан хулуугаар шинэчилжээ. Тэрбээр хоёр сарын турш өдөрт зургаан цаг хүртэл хулууны талбайд ажилласан тухайгаа ярьсан байна.
Хэдийгээр Патон ах дүүс хамгийн том хулууны дээд амжилтаа алдсан ч тэдний ургуулсан хулуу тойргийн хэмжээгээрээ дэлхийн дээд амжилтыг хадгалсаар байгаа аж. Тус хулууны тойргийн хэмжээ 21 фут 3.8 инч буюу ойролцоогоор 6.50 метр хүрчээ.
Guinness World Records-ийн мэдээлснээр, хамгийн том хулууны дээд амжилт ийм богино хугацаанд хоёр удаа шинэчлэгдэх нь тун ховор үзэгдэл аж.
Ирэх жил дахин оролцох эсэхээ шийдээгүй байна
Рон Уоллес ирэх жил хулуу тариалахаас нэг улирал завсарлах талаар бодож байгаа ч дэлхийн дээд амжилтыг дахин ахиулах боломжийг бүрэн үгүйсгээгүй байна. Тэрбээр ирэх улирлын бэлтгэлээс гадна сургалт, семинар зохион байгуулах болон бусад тариалагчдын хүсэлтэд цаг гаргах шаардлагатай тул завгүй байх төлөвтэй байгаагаа дурджээ.
Хулуу тариалах арга барилаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлсэн Рон Уоллес дэлхийн дээд амжилтаа гурав дахь удаагаа шинэчилж, аварга хулуу ургуулах спортын түүхэнд дахин нэг онцгой амжилт нэмэээ.
Эх сурвалж: GUINNESS WORLD RECORDS, PEOPLE.