УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны аравдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсголыг зохион байгуулж, нэр дэвшигч Г.Эрдэнэбулганы боловсрол, мэргэжлийн туршлага, ашиг сонирхлын зөрчил болон хараат бусаар ажиллах чадамжтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Сонсголын үеэр оролцогчид түүнийг нэрээ татахыг уриалав. 

Ажлын хэсгийн үнэлгээгээр Г.Эрдэнэбулган хамгийн өндөр санал авчээ

Хуралдаан 10:03 цагт 60.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтын дүнг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав.

Нууц санал хураалтад Ажлын хэсгийн 11 гишүүн оролцож, нийт 12 нэр дэвшигчээс дараах хүмүүс хамгийн өндөр санал авчээ.

Г.Эрдэнэбулган — 8 санал
Б.Амартүвшин — 6 санал
Ч.Отгонсүрэн — 6 санал
Б.Даваажав — 6 санал
Журмын дагуу нэр дэвшигчдийг нэг бүрчлэн танхимд оруулж, гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

Г.Эрдэнэбулганы боловсрол, ажлын туршлагатай холбоотой асуудлыг хөндөв

Г.Эрдэнэбулган нь эрх зүйн салбарт 17 жил ажилласан туршлагатай бөгөөд 2013-2015 онд Барилга, хот байгуулалтын яамны Хуулийн хэлтсийн дарга, 2015-2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт референтээр ажиллаж байжээ.

Түүнчлэн 2022-2023 онд “Ханхөгшин Интернэшнл” ХХК-д үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилласан бөгөөд 2023 оноос Хууль зүй, дотоод хэргийн яаманд газрын даргын албан тушаал хашиж, улмаар 2026 оны долоодугаар сарын 23-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шилжин томилогдсон байна.

Нэр дэвшигч 2009 онд Монгол Улсын Их Сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2015 онд Монголын Хуульчдын холбооноос хуульчийн гэрчилгээ авчээ. Мөн 2024 онд Дотоод хэргийн их сургуулийг эрх зүйн магистрын зэрэгтэй төгссөн байна.

Гэвч түүний боловсрол, мэргэжлийн туршлага болон өмнө эрхэлж байсан албан тушаалтай холбоотой мэдээлэл танилцуулгад хангалттай тусгагдаагүй талаар УИХ-ын зарим гишүүн шүүмжиллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нэр дэвшигчийн танилцуулгад боловсролын мэдээлэл дутуу байгааг онцолж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн мэргэжлийн туршлага хангалттай эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлэв.

Тэрбээр хуульч мэргэжил эзэмшсэнээс гадна өмгөөллийн болон мэргэжлийн эрх зүйн үйл ажиллагааны туршлагатай хүн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Үүнд Г.Эрдэнэбулган 2009 онд МУИС-ийг төгсөж, 2015 онд хуульчийн гэрчилгээ авсан бөгөөд ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд тавигдах шаардлагыг хангаж байгаа учраас нэр дэвшсэн гэж хариулав.

ДХИС-д шилжин суралцсан нь ашиг сонирхлын зөрчил мөн эсэхийг асуув

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нэр дэвшигчийн боловсролын талаарх мэдээллийг тодруулахдаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж байх хугацаандаа Дотоод хэргийн их сургуульд шилжин суралцсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөл байсан эсэхийг асуув.

Г.Эрдэнэбулган 2024 оны нэгдүгээр сард МУИС-аас ДХИС-д шилжин суралцаж, тухайн оны тавдугаар сард төгссөнөө тайлбарлав. Тэрбээр ХЗДХЯ-нд ажиллаж байсан тул салбарын онцлогт илүү нийцсэн сургалтад хамрагдаж, мэргэшсэн багш нараас суралцах хүсэлтэй байсан гэдгээ хэллээ.

Мөн 2023 оны аравдугаар сард ХЗДХЯ-нд томилогдсон, 2024 оны аравдугаар сард тусгай шалгалт өгч, албан тушаалдаа жинхлэн томилогдсон талаар тайлбарлав.

Нэр дэвшигч өөрийн хувьд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэж мэдэгдсэн юм.

Шүүхийн шинэчлэл, авлигатай тэмцэх чиглэлээр ямар ажил хийхийг нь тодруулав

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус байдал, шүүхийн аюулгүй байдлыг хангах чухал чиг үүрэгтэй байгууллага гэдгийг онцолж, шүүхийн тогтолцоог сайжруулах хүсэл эрмэлзэл, бодитой ажиллах төлөвлөгөөг сонгон шалгаруулалтаар хэрхэн үнэлсэн талаар асуув.

Ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат шаардлага хангасан 12 нэр дэвшигчээс томилогдсон тохиолдолд хэрхэн ажиллах, ямар арга хэмжээ авах талаар асуусан бөгөөд холбогдох протокол хадгалагдаж байгаа гэв.

Харин УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг 2026 оны дөрөвдүгээр сард батлагдсан шинэчилсэн журмын дагуу сонгон шалгаруулалт явуулсан ч тодорхой ур чадвар, хүсэл эрмэлзлийг хэдэн хувиар үнэлэхийг тусгайлан заагаагүйг тайлбарлав. Иймээс Ажлын хэсгийн гишүүд өөрсдийн итгэл үнэмшилд тулгуурлан санал өгсөн гэж ойлгож болохоор байгааг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нэр дэвшигчээс авлигатай тэмцэх бодлого, хүний эрх, жагсаал цуглаан хийх эрх чөлөө болон шүүхийн хараат бус байдлын талаар байр суурийг нь тодруулав.

Г.Эрдэнэбулган иргэдийн үндсэн эрхийг хангах нөхцөлийг төр бүрдүүлэх ёстой гэж үздэгээ илэрхийлж, шүүгчийн цалин хөлсөнд тогтмол мониторинг хийх нь авлигаас ангид байхад нөлөөлөх гол нөхцөлүүдийн нэг гэж хариулжээ. Мөн Авлигын төсөөллийн индексээр Монгол Улсын байр ухарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Улс төрийн нөлөөлөл болон хараат бус ажиллах чадамжийн талаар асуув

Сонсголын үеэр нэр дэвшигчээс улс төрийн нөлөөлөл тулгарвал хэрхэх, Б.Энхбаяртай ямар харилцаатай талаар оролцогчид асуулт тавьжээ.

Г.Эрдэнэбулган Б.Энхбаяртай ажил хэргийн харилцаатай явж ирсэн гэдгээ хэлээд төрийн албанд мерит зарчмаар дэвшин ажилласан гэж тайлбарлав.

Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдвол улс төрийн нөлөөллийг бүртгэж, баримтжуулан холбогдох байгууллагад мэдэгдэх, хувийн харилцаатай хүн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцвол тухайн асуудлаас татгалзах ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.

Хэрэв ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр сонгогдвол одоогийн ажлаа өгөхөө мөн мэдэгдсэн байна.

Оролцогч О.Үлэмж нэр дэвшигчийг нэрээ татахыг уриаллаа

Сонсголын үеэр оролцогч О.Үлэмж Г.Эрдэнэбулганы төрийн албанд ажилласан туршлага, мэргэжлийн бэлтгэл болон сонгон шалгаруулалтын үнэлгээний талаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийллээ.

Тэрбээр нэр дэвшигч төрийн албаны мерит зарчмыг олонтаа ярьж байгаа ч төрийн байгууллагуудад ажилласан хугацаандаа ямар бодит үр дүн гаргасан нь хангалттай тодорхой биш байгааг онцлов. Мөн боловсрол, төгссөн сургууль, мэргэжлийн мэдээлэл нь сонсголын асуулт, хариултын үеэр тодорхой болж байхад Ажлын хэсгээс хамгийн өндөр санал авсанд эргэлзэж буйгаа илэрхийлжээ.

О.Үлэмж мөн Б.Энхбаяртай холбоотой асуудлыг хөндөж, нэр дэвшигчийг нэрээ татахыг уриалсан байна.

Ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Г.Эрдэнэбулганы сонсголын үеэр боловсрол, мэргэжлийн туршлага, ашиг сонирхлын зөрчил, улс төрийн нөлөөллөөс ангид ажиллах чадамж болон сонгон шалгаруулалтын ил тод байдалтай холбоотой асуудлууд хөндөгдлөө.

Үүний дараа нэр дэвшигч Б.Амартүвшингийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна.